НӨАТ-аас боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ чөлөөлөгддөг

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-01-30 16:10:06

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. УИХ-ын даргын 2024 оны 292 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсэг, Төсвийн байнгын хороо хамтран “Татварын хуулийн шинэчлэл” сэдвээр цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж буй. Энэ хүрээнд “НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хоёр дахь хэлэлцүүлэг Төрийн ордонд өнөөдөр болов. 


Хэлэлцүүлгийн эхэнд Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газрын дарга Б.Батсайхан “Монгол Улсад одоогийн байдлаар 30 нэр төрлийн татвар, төлбөр, хураамжууд татварын тогтолцоонд хамаардаг. Нэмэгдсэн өртгийн албан татварын хувьд олон улсад 1948 оноос хойш энэ бүтцийг хэрэглэж эхэлсэн. Монгол Улсад 1998 оноос худалдааны татварыг нэмэгдсэн өртгийн албан татвар болгож хэрэгжүүлсэн. Өнгөрсөн хугацаанд татварын хувь хэмжээ 15 хувьтай байсныг 2007 оны татварын шинэчлэлийн хүрээнд 10 болгож бууруулсан. Хуулийн хэрэгжилтийн хүрээнд татварын албанаас олон ажил хэрэгжүүлсний нэг нь 2016 онд нэвтэрсэн урамшууллын систем юм. Түүнчлэн дэлхийн 175 улс НӨАТ-ыг нэвтрүүлсэн бол Монгол Улс хамгийн бага хувь хэмжээтэй есөн улсын нэг. Хуулийн дагуу сугалаа буцаан олголтын зарчмаар татварынхаа 5.3 хувийг буцаан олголж байна. Улмаар нийтдээ 62 төрлийн бараа, ажил үйлчилгээг НӨАТ-аас чөлөөлсөн. Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай бие даасан 40 хууль бүртгэлтэй байгаагаас 13 хуулийн хүчин төгөлдөр, үйлчлэх хугацаа дуусаагүй, 27 хууль үйлчлэх хугацаа дууссан” гэв.

 

Дараа нь Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн “Нэмэгдсэн өртгийн албан татварын үндсэн зарчим, тулгамдаж байгаа асуудал” сэдвээр илтгэл тавьсан. Тэрбээр илтгэлдээ, онолын хувьд НӨАТ бизнесийн татвар биш гэж үздэг. Гэхдээ Монгол Улсад татварын хуультай холбоотой санал, асуулга явуулахаар НӨАТ-ын талаар хамгийн олон санал ирдэг. Уг татвар бизнест дарамт учруулдаг үндсэн гол асуудал нь чөлөөлөлт байдаг. НӨАТ-ын чөлөөлөлт нь борлуулалт, худалдан авалтын хасалт гэдэг гинжин хэлхээг эвддэг тул хамгийн их сөрөг нөлөөг үзүүлдэг. Иймд НӨАТ-ын шинэчлэлийн хүрээнд чөлөөлөлт, хөнгөлөлтийн асуудлыг оновчтой болгох нь эхний  зорилго болж байна. Одоогоор Монгол Улсад нийт 28 төрлийн бараа, 19 төрлийн үйлчилгээг уг татвараас чөлөөлөх  зохицуулалттайгэлээ.


Түүнчлэн НӨАТ нь татвар биш, бүртгэлийн систем зэрэг янз бүрийн ойлголт байдаг бол дэлхийн улс орнуудад үүнийг төсвийн орлогын хамгийн тогтвортой том эх үүсвэр болгосон байдаг. Өөрөөр хэлбэл, төсвийнхөө орлогын 26-33 хувийг НӨАТ-аар бүрдүүлдэг бол Монгол Улс 27 хувийг уг татвараар бүрдүүлж байгаа нь дундаж үзүүлэлт аж. Сангийн яамны зүгээс  өнгөрсөн жилүүдэд НӨАТ-ын хувь хэмжээг бүх нийтээр нь бууруулах нь зөв биш, харин  оновчтой болгох нь зүйтэй гэсэн байр суурийг  баримталж байгаа. НӨАТ нь хэрэглээний татвар бөгөөд нөгөөтээгүүр, хүн амын өргөн хэрэглээний мах, гурил, сүү  гэх зэрэг бараа, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ уг татвараас чөлөөлөгддөг” гэлээ


Хэлэлцүүлэг Гаалийн ерөнхий газрын дэд дарга Г.Энхтайваны “Гаалийн байгууллагын цахимжилт” сэдэвт
илтгэлээр үргэлжилсэн. Тэрбээр, Гаалийн ерөнхий газраас аж ахуйн нэгжүүдийг цахимаар татвар мэдүүлэх тогтолцоо руу шилжүүлсэн болохыг хэллээ. Үргэлжлүүлэн Санхүү эдийн засгийн их сургуулийн багш Ч.Өнөржаргал “Нэмэгдсэн өртгийн албан татварын үндсэн зарчим, тулгамдаж байгаа асуудал” сэдвээр илтгэл тавьсан. Иргэдэд НӨАТ-ын баримт өгдөггүй эсвэл баримт өгөхгүйгээр бараа, ажил үйлчилгээгээ хямд үнээр худалдан борлуулдаг. Татвар төлдөггүй буюу зайлсхийдэг этгээдийг биш татвараа төлдөг татвар суутган төлөгчийг шалгадаг учраас зөрчил байсаар байгааг тэрбээр дурдав


Монгол Улсад 1990 оноос татварын тогтолцоо бүрдсэнээс хойш 4 дэх удаагаа татварын багц хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хөндөж байна. 2020 онд татварын багц хуулийг шинэчлэхдээ татварын бааз суурийг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихтэй холбоотойгоор нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ), аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (АНОАТ) зэрэг олон босгыг бий болгосон. НӨАТ-ын буцаан олголтын системийг 2020 онд шинээр бий болгосноор иргэд, аж ахуйн нэгжүүд хялбар байдлаар бүртгүүлэх, буцаалтаа авах зэрэг харьцангуй сайн дэвшилтэт системтэй болсон. Энэ нь эргээд татварын бааз суурийг нэмэгдүүлэх, татварын орлогыг зөв бүртгэх хяналтын үйл явцыг сайжруулах, татвар төлөлтийг дэмжсэн хууль болсон аж. Гэхдээ өнөөдрийн нөхцөл байдал иргэд, аж ахуйн нэгжүүдээс НӨАТ-тай холбоотой хувь хэмжээг бууруулъя гэх зэргээр санал олноор ирсэн тул өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан нь энэ юм.  

 

Холбоотой мэдээ