УВС: Алтан тайздаа хүндэтгэл илэрхийллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны нэгдүгээр сарын 31
/МОНЦАМЭ/. Одоогоос
53 жилийн тэртээ 10 мянган хүнд
үйлчлэх хүчин чадалтайгаар Увс аймгийн Хөгжимт драмын театр хэмээн цоллуулсаар
үүд хаалгаа нээж байсан “Ойрад” хөгжимт жүжгийн
театрын хамт олон өнөөдрөөс эхлэн хуучин байрнаасаа нүүж шинээр байрандаа шилжин суурьшиж байна.
Шинэ байрны үндсэн
үзэгчдийн танхим нь 640 хүний суудалтай бол бага
танхим нь 200 хүний суудалтай байна. Мөн
3×6, 6×12 метрийн лед дэлгэц бүхий орчин үеийн тоног төхөөрөмжтэй, 250-300
хүн хүлээн авах танхимтай.
Шинэ байрандаа шилжин орсонтой холбогдуулан эгнээнээсээ олон арван авьяастан, урлаг соёлын алдартныг төрүүлж, баруун монголын уламжлалт урлагийн төрөл зүйлийг улс Монголдоо төдийгүй, тив дэлхийд сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулсан театрынхаа алтан тайзад хүндэтгэл илэрхийлэх агшин өнөөдөр тохиолоо.
Тус театраар овоглосон олон арван уран бүтээлч энэ л тайзнаас ажил амьдралын гараагаа эхэлж, уран бүтээлийн баялаг сан хөмрөг нь арвижин түүхийн хуудсыг түүчээлэн өнөөдрийн шинэ цаг үетэй золгосныг эргэн харахад бахархмаар байлаа. Театрынхаа сүлд дууг дуулаад энэ тайзаа үдэх агшин баяр, гунигийг хослуулж, бас бахархах сэтгэлийг төрүүлсэн юм.