Сири хүүхдүүд хувцасны үйлдвэрт ажиллаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-10-24 10:02:27

АНКАРА. /ВВС/. Сирийн дүрвэгч хүүхдүүд Их Британийн хэрэглэгчдэд зориулан хувцас оёж байна гэж “ВВС” агентлаг мэдээллээ.

Тус агентлагийн сэтгүүлчдийн баг Туркт очихдоо “Marks and Spencer” болон цахим худалдааны “Asos” зэрэг дэлгүүрийн хувцасны үйлдвэрт сири хүүхдүүд ажиллаж байгааг илрүүлсэн байна.

Мөн “Zara” болон “Mango” брендийн үйлдвэрүүдэд дүрвэгчид хууль бусаар ажиллаж байгааг тогтоожээ.

"Бид нийлүүлэлтэд анхаарлаа хандуулж ажиллаж байгаа" гэж дээрх брэндүүдийн төлөөлөгчид мэдэгдээд, дүрвэгчид болон тэдний хүүхдүүдийг ажиллуулж байгаа гэдгийг үгүйсгэсэн байна. Тухайлбал, “Marks and Spencer”-ийн захиргаа энэ талаар мэдэгдэхдээ, Турк дэх үйлдвэрт Сирийн дүрвэгчид ажиллаж байгаа эсэхийг шалгасан, тийм асуудал байхгүй гэлээ.

“ВВС” агентлагийн сэтгүүлчдийн багийнхан Их Британийн брэндийн хувцасны нэгэн томоохон үйлдвэрт Сирийн долоон иргэн ажиллаж байсныг илрүүлжээ. Дүрвэгчид уг үйлдвэрт ажиллахдаа цагт нэг фунт гаруйхан хэмжээний хөлс авдаг бөгөөд энэ нь Туркт тогтоосон цалингийн доод хэмжээнээс ч бага мөнгө аж. Дүрвэгчдийг гуравдагч этгээдүүд гудамжинд явж байхад нь олж уулзаад, ажилд зуучлан оруулдаг байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ