УВС: Дөрвөд далай хан Түмэндэлгэржавын хэт хутгыг хөөж цоолборлох аргаар хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-02-04 08:54:33

Улаангом, 2025 оны хоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Дөрвөн далай хан Г.Түмэндэлгэржавын хэрэглэж байсан хэт хутга өдгөө Увс аймгийн музейн сан хөмрөгт хадгалагдаж байна.

Энэхүү хутгыг хөөж цоолборлох аргаар хийжээ. Хэт хутганы хуйг зандан модоор урлаж, аман хэсгийг битүү мөнгөлөн, дээр нь хоёр луу сийлбэрлэжээ. Дээд амсар хэсэгт нь бөмбөлөгтэй лууны толгой товойлгож мөнгөөр хийсэн байна. Мөн зааны ясаар хийсэн хоёр ширхэг савхтай, савхны дээд толгой хэсэгт мөнгөөр гоёж хийсэн бөгжтэй. Уг хутга нь хүрэн өнгийн суман модон иштэй ба сүүл хэсгийг мөнгөлж цэцгэн хээ сийлбэрлэжээ. Хутганы дээр найман ширхэг хадаас хадсан ба тольтон дээр нь кирилл Н үсэгтэй байна.


“Дөрвөд далай хан Г.Түмэндэлгэржавын хэрэглэж байсан хэт хутга, эмээлийн мод музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа бөгөөд маш сонирхолтой үзмэрүүдийн нэг юм. Музейн сан хөмрөг нь үзмэрээ хайгуул, судалгаагаар, хандив бэлэглэлийн журмаар, худалдан авах зэргээр соёлын үнэт зүйлийг цуглуулан баяжуулж байдаг. Тус үзмэрүүд нь энэ л жишгээр манайд ирсэн. Ер нь бол үзмэр бүр Улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд бүртгэгдсэн байгаа” хэмээн аймгийн Музейн сан хөмрөгч Б.Цэнд-Аюуш ярилаа.

Холбоотой мэдээ