Одри Хепбернийн харшийг худалдана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2025-02-04 17:43:25

ЖЕНЕВ, 2025 оны хоёрдугаар сарын 4 /Bloomberg/. ХХ зууны гоо үзэсгэлэн, загварын ертөнцийн хатан хаан Одри Хепбернийн эзэмшилд байсан "La Paisible" харшийг 20.8 сая ам.доллароор худалдахаар дахин санал болгожээ.


XVIII зууны үеийн уг харш Швейцарын Женев хотын ойролцоох тосгонд байдаг. 12 унтлагын өрөө, 8 угаалгын өрөөтэй, 1000 гаруй хавтгай дөрвөлжин метр талбай бүхий гурван давхар энэхүү байшинд Хепберн 1963 оноос хойш 1993 онд нас барах хүртлээ амьдарч байжээ. Түүнийг тосгоны оршуулгын газарт оршуулсан байна.


2001 онд Хепбернийн хөвгүүдээс "La Paisible"-г худалдаж авсан харшийн одоогийн эздийн ярьснаар, зургаан хүүхэд нь өсөж том болж, тусдаа гарснаас хойш байшин нь тэдэнд хэтэрхий томдох болсон байна.


Хепберн 1929 онд Брюссель хотын захын нэгэн дүүрэгт банкны ажилтан ба нидерланд язгууртан эмэгтэй нарын гэр бүлд төржээ. 


Тэрбээр тухайн үеийнхээ загварын ертөнцийн дүр төрх, хамгийн өндөр цалинтай жүжигчдийн нэг байсан билээ. 1954 онд "Ромын баяр" (1953) гэдэг америк кинонд бүтээсэн дүрээрээ Оскарын наадмаас гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин шагналыг хүртсэн юм. Хепберн мөн НҮБ-ын Хүүхдийн сангийн сайн санааны элчээр ажиллаж байв. 



Холбоотой мэдээ