БАЯНХОНГОР: Бага болон дунд эрсдэлтэй нутгийн хэмжээ нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-02-05 13:30:36

Баянхонгор, 2025 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Энэ сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр сарын эхээр нутгийн зүүн хагаст хүйтэн жиндүү байдал хадгалагдах төлөвтэй байгааг УЦУОШГ-аас мэдээлэв.


Цаашдаа нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД-аас 1–3°С-аар хүйтэн, бусад хугацаанд ОЖД–ийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байх төлөвтэй байна. 


Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орж, салхи зарим газраар ширүүсч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй. Харин гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд бага зэргийн цастай, салхи шуурга ихтэй байх төлөвтэй байгааг тус газраас мэдээллээ.


Хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нийт нутгийн 80 орчим хувьд цастай байгаагаас Баянхонгорын Гурванбулаг, Хүрээмарал, Баянбулаг, Галуут сум 22-34 см цастай байна. 


Зудын эрсдэлийн мэдээгээр нийт нутгийн 30 гаруй хувьд нэн их болон их, 40 гаруй хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол 10 гаруй хувьд бага эрсдэлтэй, 10 орчим хувьд эрсдэлгүй гарчээ.


Аймгийн дүнгээр, Баянхонгор аймгийн зарим сумын нутгаар нэн их болон их эрсдэлтэй гарсан байна. 2024 оны 12 дугаар сарын 31-нд гаргасан зудын эрсдэлийн үнэлгээтэй харьцуулбал эрсдэлгүй нутгийн хэмжээ багассан бол бага болон дунд эрсдэлтэй нутгийн хэмжээ нэмэгдсэн байна.

Холбоотой мэдээ