“Чанъэ-7” аппарат Сарны өмнөд туйлаас ус хайна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2025-02-05 17:23:45

БЭЭЖИН, 2025 оны хоёрдугаар сарын 5 /Xinhua/. Ирэх 2026 онд хөөргөх Хятадын Чанъэ-7 аппарат Сарны өмнөд туйлд мөс хэлбэрээр ус байгаа эсэхийг хайж, Саран дээр сансрын нисгэгчид удаан хугацаагаар ажиллахад ашиглах дэвшилтэт технологиудыг туршина гэж Хятадын хэвлэл мэдээллийн групп даваа гарагт мэдээлжээ. 


Усны молекулын анализатороор тоноглогдсон инновацийн нисдэг төхөөрөмжийг ашиглах гэж буй нь байнга сүүдэрт байдаг тогоонуудад мөс хэлбэрээр ус байгаа эсэхийг, мөн түүний тархалтыг тогтоох зорилготой юм.


Чанъэ-3, Чанъэ-5 аппаратууд Сарны Дэлхий рүү наад талд амжилттай газардсан бол Чанъэ-4, Чанъэ-6 нь цаад талд нь бууж түүхэнд бичигдсэн. Харин одоо Чанъэ-7 Сарны өмнөд туйлд буулгахаар төлөвлөж байгаа нь Хятадын сарны аппарат Сарны аль ч бүсэд хүрэх чадварыг шалгах болно гэж Чанъэ-7” аппаратын ахлах зохион бүтээгч Тан Юхуа ярьжээ.


Хэрэв Саран дээр мөс хэлбэрээр ус байгааг тогтоож чадвал Дэлхийгээс ус зөөвөрлөхөд шаардагдах зардал, цаг хугацааг асар ихээр хэмнэж, Саран дээр урт хугацаанд үйл ажиллагаа явуулах сансрын нисгэгчдийн ​​баазыг байгуулж, Ангараг гараг, цаашлаад сансар огторгуйг судлах боломж нээгдэнэ гэж тэрбээр хэллээ.


Сарыг судлах Хятадын хөтөлбөрийн ахлах зохион бүтээгч У Вейренийн хэлснээр, тойрог замын модуль, буугч модуль, явагч аппарат, нисдэг төхөөрөмжөөс бүрдсэн Чанъэ-7 Цельсийн -100-аас доош хэмийн хүйтэн орчин, бартаа ихтэй гадаргуу зэрэг сорилтуудтай тулгарах төлөвтэй байна.

Холбоотой мэдээ