Хаврын баярын үеэр 501 сая хүн дотооддоо аялжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГБЭЭЖИН, 2025 оны хоёрдугаар сарын 6 /CNN/. Хятадын хаврын баяр буюу цагаан сарын үеэр аялагчдын тоо, аялалд зарцуулсан мөнгөний хэмжээ шинэ дээд үзүүлэлтэд хүрсэн нь эдийн засгаа эрчимжүүлэхийг эрмэлзэж буй засгийн газрын хувьд таатай мэдээ болжээ.
Соёл, аялал жуулчлалын яамнаас лхагва гарагт нийтэлсэн тоо
баримтуудыг үзвэл, нэгдүгээр сарын 28-нд эхэлсэн найман өдрийн амралтын
үеэр нийт 501 сая хүн дотооддоо аялжээ.
Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.9 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн аяллын зардал өмнөх оныхоос 7 хувиар нэмэгдэж, 677 тэрбум юаньд /93 тэрбум ам.доллар/ хүрсэн байна.
Албаны мэдээлэлд үндэслэн CNN-ийн тооцоолсноор, энэ жил нэг аяллын үеэр өдөрт дунджаар 168.9 юань /23.2
ам.доллар/ зарцуулсан нь
өнгөрсөн оныхоос /166.8 юань/ үл ялиг
өссөн байна. Гэсэн хэдий ч цар
тахлын өмнөх үе буюу 2019 оныхоос /176.9 юань/ 5 хувиар бага байна.
Хятадын Шилжилт
хөдөлгөөний үндэсний газраас лхагва гарагт мэдээлснээр, баярын үеэр өдөрт
дунджаар 1.795 сая хүн хил дамнан
зорчсон нь 2019 оны дунджаас /1.79 сая/ бага зэрэг өссөн байна. Энэ өсөлтөд гадаадын жуулчид голлон
нөлөөлсөн бөгөөд тэдний тоо 2024 оныхтой
харьцуулахад 22.9 хувиар өсжээ.
Хятад улс аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор өнгөрсөн оноос эхлэн олон арван улс руу визгүй зорчих боломжийг бүрдүүлсэн юм. Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лин Зян лхагва гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр
хэлэхдээ, Хятад улс олон улс орныг визгүй зорчих жагсаалтад оруулж, визийн шаардлагаа зөөлрүүлснээр хаврын баяр нь дэлхий даяар тэмдэглэдэг баяр
болж байгаад бид баяртай байна гэжээ. Баярын
үеэр Хятадад ирсэн гадаадын жуулчдын тоо 2024 оныхтой харьцуулахад 150 хувиар
нэмэгдэж, түүхэн дээд үзүүлэлтэд
хүрсэн гэж тэрбээр нэмж хэлсэн
байна.
Мөн хаврын баярын
амралтын үеэр кинотеатрыг зорин үйлчлүүлэгчдийн тоо ихээхэн нэмэгджээ. “Citi” фирмийн шинжээчдийн лхагва гарагт танилцуулсан тайланд дурдсанаар, баярын уур амьсгал, бодлогын дэмжлэгийн ачаар дотоодын аялал жуулчлал,
кино, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, цахилгаан бараа зэрэг салбарууд сайн үзүүлэлттэй гарсан байна.
Баярын үеэр 187 сая хүн кинотеатраар үйлчлүүлэн рекорд тогтоосноор кассын орлого 9.5 тэрбум юаньд /1.32 тэрбум ам.доллар/ хүрсэн тухай Хятадын Кино урлагийн газар мэдээлжээ. 2019 онд хит болж байсан “Nezha” хүүхэлдэйн киноны хоёрдугаар анги шилдэг кинонуудын жагсаалтыг тэргүүлсэн бөгөөд “Nezha 2” кино 5.77 тэрбум юанийн /804.84 сая ам.доллар/ орлого олсноор Хятадын бүх цаг үеийн хамгийн их ашиг орлоготой киногоор шалгарсан гэж CCTV телевиз мэдээллээ.