Монголд нэгдүгээр сард 33 мянга гаруй жуулчин иржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-02-07 15:12:46

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол Улс түүхэндээ анх удаа нэг сарын хугацаанд 33 мянга гаруй жуулчин хүлээн авсан үзүүлэлт гарчээ.


Тодруулбал, 2025 оны нэгдүгээр сарын 1-31-ний өдрийн хугацаанд нийт 33 462 жуулчин хүлээн авсан байна. Өнгөрсөн оны нэгдүгээр сард Монгол Улс 28 мянган гадаад жуулчин хүлээн авч байсан бол энэ тоо 5000-аар нэмэгдэв. 2025 оны нэгдүгээр сард БНСУ-аас 3424, Японоос 617, Казахстанаас 873, Беларусаа 506, АНУ-аас 467, Туркээс 440, Германаас 38 жуулчин манай улсад иржээ.


Монгол Улс нийт жуулчдынхаа 23 хувийг өвөл хүлээж авдаг. Учир нь, Монгол эрс тэс уур амьсгалтай, дэлхийн хамгийн хүйтэн өвөл болдог орнуудын нэг. Хэдийгээр цас, мөсний баяр, бүргэдийн баяр гэх мэт өвлийн улиралд болдог аялал жуулчлалын тодорхой эвентүүд байдаг ч аравдугаар сараас эхлээд монголд ирэх жуулчдын тоо эрс багасдаг. Түүнчлэн эдгээр үйл ажиллагааг ихэвчлэн Монголд түр хугацаагаар ирсэн бизнес аялагчид сонирхдог гэсэн судалгаа бий. Мөн 3-4 хоногт богино хугацаагаар аялдаг хил дагуу жуулчид ихээр сонирхдог байна.


2024 онд зорин ирсэн жуулчдыг улсаар нь авч үзвэл:

Хятад 217712

Орос 213231

Өмнөд Солонгос 193019

Япон 25643

Казахстан 24237

Америк 16368

Герман 12134

Турк 7755

Франц 6777 байна. 

Холбоотой мэдээ