Азийн өвлийн наадам эхэллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ХАРБИН, 2025 оны хоёрдугаар сарын 8 /Xinhua/. Азийн өвлийн IX наадам Харбин хотноо албан ёсоор эхэлснийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин баасан гаргийн орой зарлалаа.
Харбины Олон улсын хурал, үзэсгэлэн, спортын төвд болсон
нээлтийн ёслолыг гадаадын орнуудын төр засгийн тэргүүн нар тэргүүтэй 8000 орчим
үзэгч үзэж сонирхжээ. Олон улсын олимпын хорооны тэргүүн Томас Бах мөн уг
ёслолд оролцсон байна.
Олимпын хошой аварга, шорт-трекийн тамирчин Ян Ян, өвлийн Олимпын
анхны алтан медальт Хятадын эрэгтэй тамирчин Хань Сяопэн, Олимпын алхалтын
аварга Ван Жэн, Сочигийн өвлийн Олимпын гүйлтийн тэшүүрийн аварга Жан Хон нар галт бамбарыг авчирч тогоог асаасан нь нээлтийн ёслолын оргил мөч байлаа.
Энэ сарын 7-14-ний хооронд “Өвлийн мөрөөдөл, Ази тивийн хайр”
уриан дор явагдах Харбины наадам нь 2022 оны Бээжингийн өвлийн Олимпын дараа
Хятад улсын зохион байгуулж буй өвлийн спортын бас нэгэн томоохон тэмцээн болж
байна. Тус улс Азийн өвлийн наадмыг гурав дахь удаагаа зохион байгуулж буй нь энэ
бөгөөд өмнө нь 1996 онд Харбин, 2007 онд Чанчуньд болж байв.
“Харбин-2025”
наадамд 34 улс орон, бүс нутгийн тамирчид оролцож байгаагаараа 2017 онд Японы Саппоро
хотод болсон VIII наадмын
үеэр тогтоосон дээд амжилтыг эвдэж байна. Түүнчлэн энэ удаагийн наадамд 1200 гаруй
тамирчин оролцож байгаа нь Саппорогийн наадмын /1147/ дээд үзүүлэлтийг мөн шинэчилж байгаа ажээ.
Азийн Олимпын зөвлөлийн тэргүүн дэд ерөнхийлөгч Тимоти Фок Цун-тин ёслолын үеэр хэлэхдээ, 29 жилийн дараа Азийн өвлийн наадмыг Харбинд дахин зохион байгуулахад хамтран ажилласан Хятадын талын төлөөлөгчдөд чин сэтгэлийн талархал илэрхийлжээ. Ердөө 18 сарын дотор та бүхэн Харбин хотыг өвлийн гайхамшигт ертөнц болгон хувиргасан нь гайхалтай амжилт юм гэж тэрбээр хэлсэн байна.