ӨВӨРХАНГАЙ: Ц.Ариунаа: “Шинэ хоршоо" хөдөлгөөн үүссэнээр 80-100 малчинтай байсан хоршоод задарсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-02-12 09:36:57

Арвайхээр, 2025 оны хоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/.  Улсын хэмжээнд малчдыг хөнгөлөлттэй зээлээр дэмжих хоёр бодлого хэрэгжиж байгаа нь Хоршоо хөгжүүлэх сан, Шинэ хоршоо хөдөлгөөн юм. Гэвч малчдын хувьд Хоршоо хөгжүүлэх сангаас зээл авах боломж хомс байгааг сумдын Засаг дарга нар хэлж байна. Уг асуудлыг аймгийн ХХААГ-ын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга тодрууллаа.


- Өвөрхангай аймагт хөдөө аж ахуйн чиглэлээр хэдэн хоршоо үйл ажиллагаа явуулж байна вэ?

- Одоогоор мал аж ахуй, газар тариалан, үйлдвэр, үйлчилгээний чиглэлээр 650 хоршоо Улсын бүртгэлд бүртгүүлэн үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 400 гаруй нь “Шинэ хоршоо, чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд шинээр байгуулагдсан.


- Малчид Хоршоо хөгжүүлэх сангаас зээл авч чадахгүй байгааг сумдын дарга нар хэлж байна. Сангийн журам өөрчлөгдсөнтэй холбоотойгоор ийм нөхцөл үүссэнийг та тайлбарласан. Үүнийг тодруулах гэсэн юм.

- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны А/521 тоот тушаалаар “Хоршоо хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам-д өөрчлөлт оруулсан.

Ингэхдээ “Нэг жилийн хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулсан хоршоонд зээл олгоно” гэж заасан. Гэхдээ Хоршоодыг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлсэн, ХАА-н хоршооны холбоодоос тухайн жилийн тодорхойлолтыг авсан, санхүүгийн тайлангаа баталгаажуулсан байх гэсэн гурван заалтыг биелүүлсэн хоршоонд сумынхаа  Хоршоо  хөгжүүлэх сангаас зээл авах эрх үүсэх юм.



“Сумдын Хоршоо дэмжих санд ямар ч үр ашиггүй мөнгө хуримлагдаад байна” гэх асуудлыг сумын дарга нар тавьж байгаа. Зээл авч чадахгүй байгаатай холбоотой хэдэн шалтгаан байна.

Нэгт, “Хоршоо хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам-д нийцсэн үйл ажиллагаа явуулж байгаа хоршоо байна уу?

Хоёрт, Сум хөгжүүлэх санг Хоршоо хөгжүүлэх сан болгон өөрчлөхдөө тодорхой хэмжээний хуримтлал үүссэн байсныг 2021 онд иргэд, хоршоодод зээл олгосон. 2024 онд шинэ журмынхаа дагуу зээл олгоё гэхээр өмнөх зээлийн хугацаа дуусаагүй байна.

Гуравт,  “Шинэ хоршоо” хөдөлгөөн үүссэнээр өмнө нь 80-100 малчинтай байсан хоршоод задарч, ес есөөрөө нэгдэн Улсын бүртгэлд шинээр бүртгүүлээд 50 сая төгрөгийн зээл аваад эхэлсэн. Ингэхээр Хоршоо дэмжих сангаас давхар зээл авах боломжгүй болно.

Үүнтэй холбоотойгоор 19 сумын удирдлагаас Хоршоо хөгжүүлэх сангийн журамд өөрчлөлт оруулж өгөөч гэсэн санал оруулж байгаа юм.


- Одоогоор Хоршоо хөгжүүлэх сангийн зээл олголт, мөн хуримтлал хэр байна вэ?

- Сум бүр харилцан адилгүй эх үүсвэртэй байна. 2023 онд шинэ журам хэрэгжиж эхэлснээс хойш дөрвөн сум 763 сая төгрөгийн зээл олгосон.

Аймгийн Засаг даргын дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт аймгаа төв, зүүн, баруун, хойд, говийн бүс гэж таван чиглэлд хуваагаад “Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээр үйл ажиллагаа явуулахыг дэмжинэ” гэж заасны дагуу сумдууд эхний хагас жилээр сумын Засаг даргынхаа үйл ажиллагааны  хөтөлбөрт оруулан баталж, малын гаралтай үйлдвэрлэл, үйл ажиллагаа эрхлэх, ноос, ноолуурыг үйлдвэрийн аргаар боловсруулах чиглэлээр гэрээ байгуулан үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

Зээл олгосон байдал, зээлийн чанар, эргэн төлөлт, хугацаа хэтэрсэн ангилал, одоо сандаа хадгалагдаж хуримтлал харилцан адилгүй байнга өөрчлөгдөж байдаг л даа. Одоо 19 сумын  зээлийн хуримтлал нийт дүнгээр 2,3 тэрбум төгрөг байна.


- Хоршоо хөгжүүлэх сан, “Шинэ хоршоо” хөдөлгөөний ялгаатай байдал нь юу вэ?

- “Шинэ хоршоо” хөдөлгөөн нь “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” зэрэг төрийн бодлоготой холбогдож байгаа юм. Эрүүл хүнс бэлтгэх, ноос, ноолуур, арьс ширэнд анхан шатны боловсруулалтыг зөв чанартайгаар хийх зэрэг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд малчдыг аравтын системээр зохион байгуулж, төрөөс хүүгийн хөнгөлөлт үзүүлэн арилжааны банкаар дамжуулж олгож байгаа юм.


Тиймээс эх үүсвэрээ банк өөрөө гаргаж, шалгуураа тавьж, эрсдэлээ үүрч байгаа. Мөнгө нь тухайн иргэний өөрийнх нь дансанд ордог учраас үйл ажиллагаагаа шуурхай эхлүүлэхэд дөхөм байдаг.

Харин Хоршоо хөгжүүлэх сан бол зөвхөн малчин гэхгүй, бүх төрлийн хоршоонд хөнгөлөлттэй зээл олгоно. Энэ зээлийг сумын Иргэдийн Хурлаар хэлэлцэж батлаад тухайн сумынхаа хоршоог дэмжих хэлбэрээр олгодог.  Санхүүжилт нь хоршооны дансанд орно.

Тэгэхээр зээлийн хуримтлал үлдээхгүй байлгахын сумдын Засаг дарга нар санаачилгатай ажиллаж, ард иргэдээ санхүү мөнгөөр нь хангаж, амжиргааг нь дээшлүүдэг байх ёстой гэдгийг хэлье.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа. 

Холбоотой мэдээ