АРХАНГАЙ: “Монгол” өвлийн фестивалд уламжлалт цагаан идээ боловсруулах аргыг сурталчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-02-17 12:06:38

Эрдэнэбулган, 2025 оны хоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Монгол Улс өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх дунд хугацааны стратегийн хүрээнд дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлж байгаа. Үүний хүрээнд өвлийн гайхамшгийг мэдрэх, соёлын өвөөрөө бахархах Монгол нүүдэлчин өвлийн фестивалийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд эхлүүллээ.


Энэхүү фестивал нь өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж, соёлын өвөө хүүхэд, залуустаа танин мэдүүлэх зорилготойгоос гадна 2030 он гэхэд 2 сая жуулчин авах ажлуудын нэгээхэн хэсэг нь юм.


Архангай аймгийн тухайд энэхүү фестивалд оролцож, уламжлалт цагаан идээ боловсруулах арга ухааныг онцлон сурталчлан таниулж байна.



Архангай нутгийн гэрийг зорьж очсоноор хийцтэй цай чанах, аарц буцалгах, сүү хөөрүүлж, өрөм загсаах, бяслаг шахах, хайлмаг хайлах, ээзгийтэй тос холих зэрэг нутгийн онцлогийг харуулсан идээ, унд боловсруулах арга ухааныг мэдэхээс гадна амталж хүртэх юм.   

  

Монгол фестивалийн хүрээнд:

-"Мазаалай" олон улсын цас, мөсний наадам-28 шилдэг уран бүтээлчийн мөсөн сийлбэрийн үзэсгэлэн,

-"Шинэлэх ёс", "Цагаан сар", "Ёслол, хүндэтгэлийн зоог" өргөөнд зочлох,

-Язгуур урлаг, хувцас хэрэглэл, нүүдэлчин ахуйтай танилцах,

-Тэмээн жин, цаатны отог, монгол банхар, анч нохойн үзүүлбэрүүд,

-Мөсөн сурын харваа, шагайн харваа, морин аялал, нохой чарга,

-Монголын уламжлалт идээ ундааны амталгаат худалдаанд оролцох боломжтой юм.

Фестивал энэ сарын 22-ныг дуустал болно.


Холбоотой мэдээ