ДОРНОГОВЬ: Бойжуулсан ботгоныхоо тоогоор аймагтаа тэргүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны хоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Мандах сумын тэмээчид 2024 онд нийт 2006 ботго бойжуулж, бойжуулсан ботгоныхоо тоогоор аймагтаа тэргүүлжээ.
Тус сум өнгөрсөн онд 11047 тэмээ тоолуулж аймагтаа мөн л тэргүүлсэн байна. Мандах суманд үйл ажиллагаа явуулдаг “МАК” ХХК малчдын бойжуулсан ботго бүрд мөнгөн урамшууллыг 12 жилийн өмнөөс олгож эхэлжээ. Жил бүр тэмээн сүргийн тоо толгой эрчимтэй өсөж, малчдын дундаас мянган тэмээтэй малчин төрсөн хэмээн сумын ЗДТГ-аас мэдээлэв.
Тус сум хэдхэн хоногийн өмнө малчдын өдөрлөгөө зохион байгуулсан бөгөөд “МАК” ХХК өнгөрсөн онд бойжуулсан малчдын 2006 ботгонд нийт 40 гаруй сая төгрөгийн урамшуулал олгожээ.
Өмнөх оныхтой харьцуулахад тэмээний тоо толгой 3582 буюу 6,6 хувиар өсжээ. Мандах 11047 тэмээгээр аймагтаа тэргүүлж байгаа бол удаах байрт Хатанбулаг 11003, Хөвсгөл 7058, Сайхандулаан 6042, Улаанбадрах 6019 тэмээгээр эхний тавд бичигдэж байна.