ЗАВХАН: Итгэлтэй утас хүүхдүүдийн хамгийн хэрэгцээтэй үйлчилгээ болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-02-21 15:11:19

Улиастай, 2025 оны хоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн 29 ерөнхий боловсролын сургууль утасгүй интернэтэд холбогдсон байна.


Монголын Цахилгаан холбоо ХК-ийн Завхан аймгийн Холбооны газраас аймгийн 29 ерөнхий боловсролын сургуульд утасгүй WiFi интернэт холболтыг хийж дуусгажээ. Ингэснээр хүүхдүүд заавал утасны дата ашиглахгүйгээр үнэгүй интернэтэд холбогдож ангидаа цахим хичээлүүдээ үзэх боломжтой болжээ. 


Завхан аймгийн тухайд цахимаар англи хэлний Pearson хөтөлбөрт 96 багш, 3-11 дүгээр ангийн 5068 сурагч хамрагдаж байгаа бол математикийн Eduten хөтөлбөрт 1700 суралцагч хамрагдаж байна. Мөн хүүхдүүд хичээлээс гадуурх үйл ажиллагааны Afterschool платформыг сургууль дээрээ идэвхтэй ашиглаж байна.


Мөн аймгийн холбооны газар Баянтэс, Тэс суманд FTTH технологиор телевизийн гурвалсан үйлчилгээг нэвтрүүлжээ. Энэ үйлчилгээ нэвтэрснээр дээрх сумын иргэд интернэт ашиглангаа суурин утсаар ярих, телевизийн сувгуудаа үзэх боломжтой болжээ. Холбооны газраас 2023 оноос эхлэн ерөнхий боловсролын сургуулиудад "Итгэлтэй утас" буюу таксофоныг суурилуулж эхэлсэн.


Өнөөдрийн байдлаар Улиастай сумын ерөнхий боловсролын зургаан сургууль, Хөгжим бүжгийн коллеж, Их-уул, Тэс, Тосонцэнгэл, Баянтэс сумын сургуульд таксофон суурилуулаад байна.


Сурагчдыг аливаа эрсдэлээс сэргийлэх, аюулгүй байдлыг хангах, гэр бүлийн гишүүдтэйгээ үнэгүй холбоо барих. Мөн гар утасгүй хүүхдүүд болон гар утасны нэгж, цэнэг дуусах, сүлжээ тасрах үед, байгалийн гамшгийн үед ч найдвартай ажиллах “Итгэлтэй утас” таксофон үйлчилгээг 7800 гаруй хүүхэд авсан байна.   


Сургуулийн хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, нийгмийн хэрэгцээнд хамгаас том хөрөнгө оруулалт болсон "Итгэлтэй утас" тэдний хамгийн хэрэгцээтэй үйлчилгээ болсон байна. 


Тодруулж хэлбэл, 70804600 утаснаас залгасан тохиолдолд эцэг эх та утсаа заавал аваарай. Таны хүүхдээс яаралтай, хэрэгцээтэй дуудлага ирж буй гэсэн үг. Бас анхаарал тавиарай. Итгэлтэй утас, таксофоны ашиглалтын явц, гэмтлийг тухай бүр нь засварлаж байгаа. Цаашид аймгийн 19 сумын ерөнхий боловсролын сургууль дээр таксофоныг суурилуулах төлөвлөгөөтэй байна гэж Монголын Цахилгаан холбоо ХК-ийн Завхан холбооны газраас мэдээлэв.


Ташрамд, энэ жил Завхан аймгийн Холбооны газар үйл ажиллагаагаараа салбартаа 4-р байр буюу тусгай байрт шалгарсан байна. 


Холбоотой мэдээ