Чингис хаан үндэсний музей БНКазУ-ын Үндэсний музейтэй хамтарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2025-02-24 16:49:54

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Чингис хаан Үндэсний музей, Бүгд Найрамдах Казахстан Улсын Соёл, спортын яамны Соёлын хорооны улсын төсөвт байгууллага болох БНКазУ-ын Үндэсний музей хамтран ажиллахаар тогтов.

 

Музей хооронд хамтын ажиллагаагаа сайжруулах, соёлын өвийг хадгалах, судлах, түгээн дэлгэрүүлэх шинжлэх ухааны болон соёлын харилцааг гүнзгийрүүлэх зорилгоор харилцан мэргэжилтнүүдээ туршлага солилцох, ном бүтээл хэвлүүлэх, хамтарсан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах зэрэгт хоёр тал тохирч, Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун, БНКазУ-ын Үндэсний музейн захирал Берик Абдыгалиулы санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.

 

БНКазУ-ын Үндэсний музейгээс Алтан ордны улсын өв соёлыг судлах, сурталчлахад сүүлийн жилүүдэд эрчимтэй анхаарч эхэлснээр өнгөрсөн жил Казахстан улсад Алтан ордны улсын 800 жилийн ойг тэмдэглэж, Зүчи хаан цогцолборыг байгуулсан гэдгийг хэллээ. Санамж бичгийн хүрээнд цаашид Чингис хаан Үндэсний музейн туршлагаас суралцах, Зүчи хаан, түүний залгамжлагчид болон Алтан ордны улсын түүхэн өвийг судлах хамтарсан судалгааны ажил, хурал, төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

 

Чингис хаан Үндэсний музейгээс ч мөн адил Чингис хааны угсааны хаад язгууртны өв түүх, Зүчи хаан, Бат хаан, бусад хаад язгууртны түүхэн өв, түүнчлэн XVII-XVIII зууны үеийн түүхийн хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх сонирхолтой буйгаа тэмдэглэв гэж Чингис хаан Үндэсний музей мэдээллээ.

 

Ташрамд мэдээлэхэд, Астана хотын төв талбайд БНКазУ-ын Үндэсний музей улсынхаа хамгийн том, залуу музей бөгөөд барилга нь долоон блок, үзэсгэлэнгийн 18 танхимтай аж.







Холбоотой мэдээ