Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сарын шинийн баярын өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл илэрхийлэв.
Дараа нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар алд цэнхэр хадаг дэлгэн Төрийн
тэргүүний амар мэндийг эрэн золгов. Төрийн
золголтын дараа Соёлын тэргүүний ажилтан, ерөөлч, магтаалч, морин хуурч
Ц.Соёл-Эрдэнэ Төрийн хан хуурын хөгийг тэгшиллээ.
ТӨРИЙН ХАН ХУУРАНД:
“Зэ хө, төгөлдөр Монгол орныхоо Төрийн магтаалыг аялгуулан
айлтгая.
Эх орон, тусгаар тогтнолоо
Эрхэм төрөө, тамга, сүлдээ,
Алтан соёмбот далбаагаа
Агуу жавхлант Төрийн дууллаа
Эцэг тэнгэр, эх газартаа
Эзэн Чингис, хар сүлдэндээ
Есөн цагаан тугандаа сүслэн дээдэлж даатгая.
Ашид мөнхийн Нууц товчоогоо
Аялгуу эгшигт хан хуураа
Хөх Монголын хүндэт нумаа
Хүндлэн дээдлэх Үндсэн хуулиа
Эцэг тэнгэр, эх газартаа
Эзэн Чингис, хар сүлдэндээ
Есөн цагаан тугандаа сүслэн дээдэлж даатгая” хэмээн төр, түмэндээ өргөх айлтгал, магтаалыг өргөн барилаа. Мөн Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гэвш лхаарамба Д.Жавзандорж Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нарт золгож, модон могой жилийн өнгийг хэлэлцэв.