“Мөнх сайхан төрт Алтан торц” баатарлаг туулийг хайллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-03-03 11:48:24

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Билгийн тооллын XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх хөхөгчин модон могой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан өчигдөр морин цагт “Чингис хаан” үндэсний музейн Их эзэн Чингис хааны алтан хөшөө, Шүтээн их цагаан туг, Төрийн хасбуу тамгын хамт хүндэтгэн залсан Их хааны өргөөнд “Мөнх сайхан төрт Алтан торц” баатарлаг туулийг хайллаа.


Уг туулийг соёлын гавьяат зүтгэлтэн, туульч А.Балдандорж, Э.Баатаржав нар хайлав. ШУА-ийн Хэл, зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, тууль судлаач, доктор Т.Баясгалан, “Монгол домог тууль” холбооны ТУЗ-ийн гишүүн, тууль судлаач, соёл судлалын докторант С.Наранхүү нар монгол тууль хайлах зан зүйл, туулийн хэлхээ холбоо, уг үндсийн утга зангилааг тайлбарласан юм.


ЮНЕСКО-гоос монгол туулийг 2009 онд “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалт”-д бүртгэсэн нь түүний үнэ цэнийг дархалж, хүн төрөлхтний соёлын өв сангийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрч, дэлхий дахинд баталгаажуулсан хэрэг юм.


Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 онд “Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” зарлиг гаргаж, жил бүрийн Цагаан сарын баярыг тохиолдуулан хаврын тэргүүн сарын шинийн гуравны өдөр болон Монгол бахархлын өдрийг тохиолдуулан өвлийн тэргүүн сарын шинийн гуравны өдөр баатарлаг туульс хайлдаг уламжлал тогтоод байна.










Холбоотой мэдээ