“Blue Ghost” хөлөг Саран дээр амжилттай газарджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2025-03-04 12:45:20

ОСТИН, 2025 оны гуравдугаар сарын 4 /The Guardian/. Америкийн “Firefly Aerospace” компани сансрын хөлгөө Саран дээр амжилттай газардуулснаар ийм амжилтад хүрсэн хоёр дахь хувийн компани, урьдчилан төлөвлөсний дагуу буулгаж чадсан анхны компани болжээ.


“Firefly Aerospace” компанийн “Blue Ghost Mission 1” аппарат Сарны наад талын зүүн хойд хэсэгт орон нутгийн цагаар ням гаргийн орой амжилттай газардсан байна. Техас муж улсын Остин хот дахь хөлгийн удирдлагын багийнхан энэ мэдээг баяртайгаар баталж, компанийн гүйцэтгэх захирал Жейсон Ким хөлгийн үйл ажиллагаа хэвийн байгааг мэдэгджээ.


Blue Ghost”-ын хөтөлбөр хариуцсан менежер Рей Алленсуорт аппарат өндөр нарийвчлалтайгаар газардсаныг онцлоод, товлосон цэгээс 100 м-ийн радиус дотор буусныг цохон тэмдэглэсэн байна. Ийнхүү газардсаны дараа аппаратаас илгээсэн эхний зурагт Сарны тэгш бус гадаргуу маш тод харагдаж байв.


Энэхүү даалгавар бол Сар руу сансрын нисгэгчдийг дахин илгээх зорилготой “Artemis” хөтөлбөрийн зардлыг бууруулах, дэмжлэг үзүүлэх чиглэлд хэрэгжүүлж буй АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвийн /НАСА/ 2.6 тэрбум ам.долларын өртөг бүхий түншлэлийн нэг хэсэг юм.


Алтлаг өнгөтэй “Blue Ghost” буугч аппаратыг нэгдүгээр сарын 15-нд “SpaceX” компанийн “Falcon 9” пуужингаар хөөргөжээ. Сарны хөрсийг судлах зэрэг даалгаврыг гүйцэтгэх шинжлэх ухааны арван хэрэгслийг тээсэн уг аппарат Сарны бүтэн өдөр /Дэлхийн 14 өдөр/ ажиллахаар бүтээгдсэн байна. 


Blue Ghost”-ын Дэлхийтэй авхуулсан селфи зураг

Холбоотой мэдээ