БУЛГАН: Майхан уулын булшнаас олдсон махранзыг судлаачид НТ 646-657 оных хэмээн үзжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны гуравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Шороон бумбагарын бунхант булш Булган аймгийн Баяннуур сумын төвөөс зүүн хойш 14 км-т Баян Улаан уулын зүүн хойно, Майхан уулын урд энгэрт, Туул голын баруун этгээдэд, Хэрмэн дэнжийн балгаснаас баруун урагш 8 км зайд оршиж байна.
Шороон бумбагарын булшин дээр шороог зууван дугуй конус хэлбэрээр дэлдэж дарсан дараастай ажээ. Одоо хадгалагдаж буй өндөр нь 4,2 м, суурийн голч 50 м, уг булшны хэрэм нь 200 х 180 метр. Бунхны үүд хүртэл үүдэвч нь 42 метр урт байжээ. Бунхны хана болон бунхны үүдэвчний ханыг нимгэн шавраар доторлож дээр нь зураг зурсан байна.
Бунхант булш нь Заамарын бунхант булштай ойролцоо Туул голын урд талд барааны газар оршдог. Уг булшнаас нийт 200 гаруй хойлгийн эд зүйлс илэрчээ. Гэвч булшны эзэнд зориулсан булшны бичээс илрээгүй учир дээрх дурсгалыг малтан судалсан судалгааны баг VII зууны хоёрдугаар хагас орчим хэмээн он цагийг авч үзсэн байна.
Бунхант булшны үүдний сахиул буюу махранз хэмээх домгийн амьтан үүдэнд нь тавьдаг заншилтай бөгөөд Заамарын Шороон Дов болон тус дурсгалаас илэрсэн олдворуудыг харьцуулан Пүгү аймгийн тэргүүн Итү-гийн эцэг Сифү-д зориулсан бунхан буюу НТ 646-657 онд үйлдсэн хэмээн он цагийг тогтоосон байдаг.
Баяннуур сум нь 1979 оны 3 дугаар сард Баяннуурын тэжээлийн аж ахуй гэж байгуулагдаж байсан. Одоогийн байдлаар Өлзийт, Шар тал гэсэн 2 багтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Тус сум нь Булган аймгийн төвөөс зүүн урагш 180 км зайтай, Улаанбаатар хотоос баруун тийш 190 км зайтай хойноос урагш сунаж тогтсон байршилтай Төв аймгийн Заамар, Эрдэнэсант, Лүн, Өндөрширээт, Булган аймгийн Дашинчилэн сумдтай хиллэдэг. Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.