ДАРХАН-УУЛ: Ажлын байр нэмэгдүүлсэн ААНБ-уудад талархал гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-03-05 16:40:04

Дархан, 2025 оны гуравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Улиран өнгөрч буй луу жилд шинээр ажлын байр бий болгосон, үйл ажиллагаагаа өргөжүүлсэн байгууллагуудад талархал гардуулав. 2024 онд хоёр зуу орчим ажлын байр шинээр нэмэгджээ.


Тухайлбал Мобиком корпорац ХХК-ийн Дархан үйлчилгээний нэгдсэн төв буюу Мобикомын 2222 лавлах шугамын Дархан салбар нь 2021 оны 10 дугаар сард 27 ажилтантай үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. 2024 онд ажлын байраа өргөтгөн 29 ажилтан шинээр ажилд авч, нийт 60 орчим ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд тусгай хэрэгцээт хоёр, тэтгэврийн насны нэг ажилтан ажилладгаараа онцлог юм.




Мөн “Таван богд фүүдс” ХХК нь Дархан-Уул аймгийн тавдугаар багийн нутагт 496.8 м.кв талбайд бүтээн байгуулалт хийж, 2024 оны наймдугаар сард KFC 20 дахь салбарыг нээж, нийт 71 ажлын байрыг шинээр бий болгожээ.


Тус салбар нь Дарханаас Сэлэнгэ аймаг руу явах төв зам дагуу байрлаж, Дархан сум төдийгүй дамжин өнгөрч буй иргэд 24 цагийн турш үйлчлүүлэх боломжтой юм.



“Таван богд фүүдс пицца” ХХК нь 2024 оны долоодугаар сарын 17-нд буюу 10 жилийн ойн хүрээнд 25 дахь шинэ салбараа Дархан хотод нээсэн. Пицца хат Дархан салбар нь “Гранд яак” зочид буудлын нэгдүгээр давхарт 204 м.кв талбайд үйл ажиллагаа явуулж буй бөгөөд нийт 34 ажлын байрыг шинээр бий болгожээ.




Оюутан залуус, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүртэл ажилд орох боломжтой бөгөөд уян хатан цагийн хуваариар олон улсын стандартыг мөрдөн ажилладаг давуу талтай гэдгийг байгууллагын удирдлагууд онцолж байна.


Хуучин Дархан буюу тавдугаар багт үйл ажиллагаа явуулж томоохон ААНБ-ийн төлөөлөл “Хүслэн золбоот” ХХК нь шинээр ажлын байр нэмэгдүүлжээ.


2024 онд 600 м.кв талбайтай ажлын байранд өргөтгөл хийж 2400 м.кв талбай болгож хэрэглэгчийн эрэлт, хэрэгцээнд тулгуурлан үйл ажиллагаагаа өргөжүүлжээ. Ингэснээр 40-55 хүний ажлын байрыг шинээр бий болгон, 2024 оны есдүгээр сард нээлтээ хийжээ.


Ажлын байрыг нэмэгдүүлэхээс гадна байгууллагын дотоод журмаараа “Оюутан”, “Ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлэн цагийн болон байнгын ажлын байраар ханган ажиллаж байна.

Холбоотой мэдээ