БУЛГАН: Аймгийн анхны дундын хоршоо байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-03-07 14:41:11

Булган, 2025 оны гуравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. “Дориун шимт” дундын хоршоо нь 2025 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдаж 1 дүгээр сарын 29-нд улсын бүртгэлд бүртгүүлэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээ авч баталгаажсан байна.


Булган аймгийн Сэлэнгэ, Хангал сум, Хялганат тосгон, Хутаг-Өндөр сумын Хантай багийн 13 анхан шатны хоршоо, хоёр аж ахуйн нэгж нэгдэж үүсгэн байгуулсан бөгөөд Булган аймгийн анхны Дундын хоршоогоор бүртгэгджээ.


Үйл ажиллагааны чиглэл нь 1. Мал, мах бэлтгэл борлуулах, 2. Малын тэжээл үйлдвэрлэл, 3. Малын тэжээлийн ургамал тариалах ба байгалийн хадлан бэлтгэх, 4. Гишүүддээ сургалт зохион байгуулах зэрэг монгол дархлаа болсон мал аж ахуйн салбарт болон малчдад тулгамдаж буй олон асуудлыг нэгэн цогцоор шийдвэрлэх онцгой ач холбогдолтой юм.


“Дориун шимт” дундын хоршоог үүсгэн байгуулах, үйл ажиллагааг эхлүүлэх, жигдрүүлэх үйл явцын санхүүжилтийг “Эрдэнэт мах маркет” ХХК хамтын ажиллагааны ба түншлэлийн гэрээний хүрээнд шийдвэрлэж байна.


Цаашдын зорилт нь Булган аймгийн 16 суманд гишүүнчлэлтэй байж дээрх чиглэлийн үйл ажиллагааг хамтран эрхэлж “Эрдэнэт мах маркет” ХХК буюу түүний Эрдэнэт хотод байрлах махны үйлдвэрт мал, махыг бэлтгэн нийлүүлэхээр гэрээний дагуу малчдынхаа орлого олох боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна









Холбоотой мэдээ