ЗАВХАН: Цаг хугацаагаар аялуулах гайхамшигт үзмэрүүдийг гэр бүлээрээ үзэхийг уриалав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025
оны гуравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн музей гуравдугаар
сарын 7-13-ны өдрүүдэд “Музейн нээлттэй өдрүүд”-ийг
зохион байгуулж иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 96 дугаар тогтоолоор жил бүрийн 3 дугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд”-ийг зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Үүнтэй холбоотой Завхан аймгийн музей сан хөмрөгтөө байгаа түүх, соёлын ач холбогдол бүхий 10600 гаруй үзмэр, эд өлгийн зүйлсийг үзэгчдэд дэлгэн үзүүлнэ. Нээлттэй өдрүүдийн үеэр аймгийн музейн Орон нутаг судлах музей, Алдартны музей гэсэн хоёр төрөлжсөн музейг иргэд үзэж сонирхох боломжтой.
Музейн нээлттэй өдрүүдийн үеэр аймгийн музейн тайлбарлагч
нар үзэгчдэд үзмэр бүрийн үүх түүхийг таниулах юм.
Монголын анхны музейн нэг нь Завхан аймгийн музей юм. 1924 оны 12 дугаар сарын 11-нд Завхан аймгийн музейг Гэсэр сүмийн туурин дээр "Үзэсгэлэнгийн хороо" нэртэйгээр байгуулж байсан түүхтэй.
Аймгийн музей нь 1938 онд Орон нутаг судлах булан, 1947 онд
Орон нутаг судлах кабинет, 1967 онд Орон нутаг судлах музей, 2008 оноос Аймгийн
музей болон өргөжсөн байна.
Ийнхүү Монгол Улсын орчин цагийн ууган хоёр музейн нэг
болсон түүхийг бүтээгчид өдгөө тус нутгийн түүхийн гэрч болсон архивыг хадгалан
хамгаалж, соён гэгээрүүлэх ажлаа тасралтгүй явуулж байна.
Музей таныг цаг хугацаагаар аялуулдаг гайхамшигт үзэсгэлэнгийн ордон билээ. Бүх юм мөнх бус харин музей мөнх юм.
Тиймээс музейн нээлттэй өдрүүдээр музейд хадгалагдаж буй сонирхолтой түүх, баримт, үзмэрүүдийг үзэж, ялангуяа гэр бүлээрээ хүрэлцэн ирж хүүхэд залуучуудад таниулаарай гэж Завхан аймгийн Музейгээс мэдээлэв.