“Турин-2025” тусгай олимпын өвлийн наадам эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-03-10 14:23:23

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Дөрвөн жил тутам зохион байгуулдаг тусгай олимпын наадам өчигдөр хөшгөө нээлээ.


Тус наадамд 100 орны 1500 тамирчин, 1000 багш дасгалжуулагч, 2000 сайн дурын ажилтан, 100 орчим залуу манлайлагчид, 500 хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөгчид болон 1300 гаруй хүндэт зочид урилгаар оролцож байна.


Манай улсаас энэ удаагийн наадамд 24 тамирчин уулын цана, гүйлтийн цана, снөүборд, цасны гуталтай гүйлт, бүжиг, бөмбөгтэй заалны хоккейн төрөлд өрсөлдөх бөгөөд өнөөдөр тэмцээн нь албан ёсоор эхэлж байгаа юм.


“Турин-2025” тусгай олимпын өвлийн наадмыг зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Патриция Санретто Ре Ребауденго нээлтийн үеэр, “Энэ наадмыг зохион байгуулах нь Турин хот төдийгүй бүх Италийн хувьд саад бэрхшээл, нийгмийн олон талт, ялгаатай байдлыг хүндэтгэх, эерэг хандлагыг бий болоход гайхалтай боломж юм. Энэ нь оюуны ялгаатай хөгжилтэй тамирчдын хүсэл тэмүүлэл, хичээл зүтгэл, авьяас чадварыг тэмдэглэж, хамтран амьдрах, хуваалцах соёлыг сурталчлах болно. Тусгай олимпын наадам илүү гэгээлэг маргаашийг бүтээж, спортоор дамжуулан оюуны ялгаатай хөгжилтэй хүүхэд залуус, иргэдийг хүлээн зөвшөөрөх, хүндлэн дэмжих, хүртээмжтэй нийгмийг бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад талархаж байна” хэмээн онцоллоо.


“Ялалт байгуулахад минь туслаач, хэрэв би ялж чадахгүй бол ялалт авчрах оролдлогыг минь зоригжуулаач-Let me win. But if I cannot win, let me be brave in the attempt” уриан дор болж буй наадамд ССАЖЗ-ын сайд Ч.Номин, БТСУХ-ны Гадаад харилцаа, мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат тэргүүтэй албаныхан оролцож байна.






Холбоотой мэдээ