Зам тээврийн салбарын хяналтын улсын ахлах байцаагчдыг чадавхжуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Зам тээврийн яамны салбарын хяналтын ахлах байцаагчдыг чадавхжуулах нэгдсэн сургалтад орон нутгийн 115 улсын байцаагч оролцлоо.
Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу 2023 оноос мэргэжлийн хяналтын чиг үүрэг салбарын яамдад шилжсэнээр тээвэрлэлт, зорчигч тээвэр, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангаж байна. Тус салбар энэ онд төсвийн хөрөнгө оруулалтаар 97 төслийг шат дараатай хэрэгжүүлэхээр төлөвлөсний 200 гаруй нь орон нутагт хийх авто зам, замын байгууламжийн ажил юм. Энэ салбарын хяналтын байцаагчид олон улсын жишигт шалгарсан, аюулгүй ажиллагаа, хяналт шалгалтын арга барилыг нэвтрүүлж, хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. ЗТЯ-наас тэдний мэдлэг чадварыг дээшүүлэхээр ийнхүү сургалтад хамруулж байна.
ЗТЯ-ны салбарын хяналтын газрын
дарга, Зам тээврийн хяналтын улсын ахлах байцаагч М.Энхболд хэлэхдээ, "Зам
тээврийн салбарын улсын байцаагчид авто болон төмөр зам, усан, агаарын авто тээврийн чиглэлд
хяналт шалгалт хийхдээ хууль дүрэм, тогтоолын дагуу ажиллах ёстой. Гэтэл иргэд,
аж ахуй нэгжээс ирсэн саналыг үзэхэд байцаагчид дээрх шаардлагыг тэр бүр хангахгүй байна. Хууль, дүрэм, тогтоолыг биелүүлэхийн тулд хүн өөрөө мэдлэгтэй, иргэдийг
мэдээллээр хангахдаа зөвөөр тайлбарлаж, ойлгуулах гэхчлэн харилцааны чадвартай байх хэрэгтэй. Өнөөдрийн сургалтаар хууль эрхзүй болон төрийн албан
хаагчийн ёс зүй, харилцаа хандлагын талаарх мэдээллийг цогцоор нь өгч байна" гэв.
Салбарын хяналтын улсын ахлах байцаагчдыг чадавхжуулах сургалт гурван өдөр үргэлжилнэ.