АРХАНГАЙ: Алтан түрхэцтэй, гоёмсог, нарийн хийцтэй дэвэр
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Архангайн музейд Далай Чойнхор вангийн хошууны нэрт дархан Ерэнтэй, Чавганц нарын урласан ган сийлбэр хэт бэл, дэвэр, домбо, бойпор хадгалагдаж байдаг.
Дэвэр:
Зэсэн дээр алтан түрхэцтэй, эргэн тойрон бадамлянхуа цэцгийн дэлбээ бүхий хээ угалзнуудтай дээд, доод хэсэгт бадмаа цэцгийн дэлбээтэй. Бариул болон цоргыг лууны толгой гаргаж хийсэн. Хүзүүндээ бадмаа цэцгийн дэлбээтэй таг нь цэцгэн хээтэй хорол бадмаа бариултай цэцэг болон лууны толгойг ухаж сийлсэн. Маш гоёмсог нарийн хийцтэй. Энэ дэврийг Тариат сумын иргэн н.Аюушжав хэрэглэж байсан ба 1963 оноос музейд хадгалагдаж байна.
Хос домбо:
Зэсийг хэлбэж хөөж бөөрөнхийлж гагнаж хийсэн. Бүсийг нь луун хээ цувцаадах
аргаар хөөж цохиж мөнгөөр өнгөлсөн. Лууны хэлбэрийг бүтнээр нь гаргасан
бариултай. Бариулыг нь мөн мөнгөөр өнгөлсөн 5 ширхэг бүслүүртэй. Гэндэнбалжир хэрэглэж байгаад 1957 оноос хойш музейд хадгалж байна.
Хэт хутга:
Зааны ясан тоногтой, ган төмөр бүслүүртэй, сум модон хуйтай хэт хутга. 2 ширхэг бэл, 1 ширхэг тээг, 1 ширхэг хэт, 2 ширхэг савхтай, 1 ширхэг хутга. Хутганы иш хуй зааны яс болон хүрэн сум модтой. Луу гүний вандан аварга хэрэглэж байсан. 1997 оноос хойш музейд хадгалж байна.