БАЯН-ӨЛГИЙ: “Бүргэдийн баяр-2025” наадамд 20 бүргэдчин оролцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2025 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. “Бүргэдийн баяр-2025” наадмыг энэ сарын 8,9-ний өдрүүдэд “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулсан бөгөөд уг наадамд Баян-Өлгий аймгийн 20 бүргэдчин оролцжээ.
Махчин шувууг гаршуулан сургаж, ан ав хийж ирсэн уламжлалт арга ухааныг “Шувуучлахуй” хэмээн нэрлэдэг бөгөөд бүргэдээр ан хийх энэхүү уламжлал нь Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэж, өдгөө хүртэл хадгалагдаж ирсэн.
Монгол Улс энэхүү уламжлалыг хадгалж ирсэн улсын хувьд 2010 онд ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад албан ёсоор бүртгүүлсэн юм.
Уг наадмын талаар Баян-Өлгий аймгийн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга К.Бекжанаас тодруулахад, “Бүргэдийн баяр-2025” наадмыг нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолбор, “Монголын бүргэдчид” холбоотой бид хамтран зохион байгууллаа. Энэ удаагийн баярт Баян-Өлгий, Төв, Сэлэнгэ, Архангай аймгийн бүргэдчид мөн Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсаас төлөөлөл ирж оролцсоноороо онцлогтой. Гадаадын жуулчид болон нийслэлийн иргэд өргөнөөр оролцсон сайхан баяр боллоо. Манай аймгаас нийт 20 бүргэдчин оролцож, казах ард түмний шувуучлахуй буюу бүргэдээр ан ав хийх уламжлалыг сурталчлан таниулж мөн аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид орон нутгийн онцлог өв уламжлалыг илэрхийлсэн уран бүтээлүүдээ олон нийтэд толилууллаа.
Мөн тус наадмын оролцогчид морь, тэмээ унах, нум сум харвах, “Алтыбакан” буюу казах үндэсний савлуурт суух, казах гэрт казах үндэстний дээл хувцас өмсөж зураг авхуулах, худалдааны хэсгээр зочилж, гар урлалын үзэсгэлэн худалдаанд оролцож худалдан авалт хийх, бүргэд, харцага, шонхор шувуудтай зураг авхуулах, 360 камераар зураг даруулах үйл ажиллагаанд оролцож, Бүргэдээр ан бариулах тэмцээн, Монгол анч тайга нохойны үзүүлбэр, Эвт сум морьт харвааны клубийн морьт харвааны шоу тоглолт, харцага, шонхор шувуудын шоу тоглолт, казах үндэсний тоглоом “көкбар-тулам булаалдах”, газраас зоос шүүрэх тэмцээн үзүүлбэрүүдийг үзэж сонирхлоо” хэмээв.
“Бүргэдийн баяр 2025” наадмын бүргэдээр ан бариулах тэмцээнд нэгдүгээр байрыг Баян-Өлгий аймгийн Сагсай сумын бүргэдчин Хамшибайн Елик хүртсэн бол, хоёрдугаар байрт Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат Спай овогтой Башахан, гутгаар байрт Бүгд Найрамдах Казакстан Улсаас ирж оролцсон бүргэдчин Жалгас овогтой Серикболсын тус тус шалгарчээ.



















