ДАРХАН-УУЛ: Жендэрийн тэгш байдлыг түгээн дэлгэрүүлэх “Харилцан хүндэтгэе” аян нэг сар үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-03-11 16:30:50

Дархан, 2025 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар Жендэрийн үндэсний хорооноос Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан жил бүрийн гуравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд үндэсний хэмжээнд уламжлал болгон зохион байгуулдаг “Харилцан хүндэтгэе” нэг сарын аяныг эхлүүлжээ.


Энэ удаагийн “Харилцан хүндэтгэе” аяныг “Хайраа хайрлая, хандлагаа өөрчилье, хамтдаа үлгэрлэе” уриан дор зохион байгуулж байна. Жендэрийн тэгш бус байдал, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, бууруулахад залуучууд, олон нийтийн жендэрийн боловсролд хувь нэмэр оруулах дараах чиглэлийн мэдээ, мэдээллийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд анхаарч байна.


Үүнд:

Хөдөлмөрийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй хүмүүст тулгарч буй бэрхшээл, ялгаатай байдлаас үүсэж буй хэрэгцээ, ажил ар гэр, амьдралын тэнцвэрт байдлыг хангаж, жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогыг бүх шатанд хэрэгжүүлэхийг уриалжээ.


Мөн эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2024-2027)-ний хэрэгжилтийг салбар, орон нутаг бүрд хангах


Бүрэн дунд боловсролоос эхлэн хөвгүүдийн сургууль завсардалт нэмэгдэж, эрэгтэйчүүд хөвгүүдийн дээд боловсролд хамрагдалт буурч байгааг анхаарч бодлогоор зохицуулах.


ЕБС-ийн орчинд бусдын ялгаатай байдлыг буруушаах, гутаан доромжлох, ялгаварлан гадуурхах, дарамтлах зэрэг үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх.


Үндсэн хууль, Хүүхдийн эрхийн тухай, Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд үл нийцэх “Охидын үзлэг” гэх арга хэмжээг зогсоож, эрүүл мэндийн шаардлага хангасан зориулалтын орчинд охид, хөвгүүдэд үзлэг оношилгоо хийхэд анхаарч, охид хөвгүүдийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэхийг уриалжээ.


Түүнчлэн “Дархан бэр” өргөмжлөх, түүнтэй төстэй бусад үйл ажиллагаа нь Үндсэн хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль болон Олон улсын гэрээ конвенцод заасан хүний эрхийг зөрчиж байгаа тул харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд эдгээртэй төстэй ажлыг санаачлан зохион байгуулах, хамтрах, дэмжихээс татгалзах, түүнээс урьдчилан сэргийлэх асуудлаар үйл ажиллагаа зохион байгуулах хэрэгтэйг онцолжээ.


Цахим орчинд харилцахдаа бие биедээ хүндэтгэлтэй, ёс зүйтэй, эелдэг байж, аливаа хэлбэрийн доромжлол, хүчирхийллээс зайлсхийж “Харилцан хүндэтгэе” аянд өөрийн бүтээлч санаачилга, үйлдлээр нэгдэж, сайн туршлагаа хуваалцаж, хамтран ажиллахыг хүсэхийг уриалжээ.

 

Холбоотой мэдээ