ЗАВХАН: Томоохон даваануудад халтиргаа гулгаа үүссэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-03-11 17:55:14

Улиастай, 2025 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Завханы Ганцын давааны замын зорчих хэсэгт цас орж шуурсны улмаас авто машин явах боломжгүй болсон тул тус чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна.


3-р сарын 10-11-ний шилжих шөнө Завханы ихэнх нутгаар цас орж шуурсан. Өнөөдрийн 16:00 цагийн байдлаар томоохон зам даваанд цас хунгарласан, халтиргаа гулгаа үүссэн байдалтай байна.


Загастайн даваа, Солонготын давааны замын зорчих хэсэг цас хунгарласан халтиргаа гулгаа үүссэн, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул хурдаа тохируулж явахыг анхааруулж байна.


Цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан улсын болон орон нутгийн чанартай зам даваагаар зорчиж буй иргэд, тээвэрчдэд Улиастай, Тосонцэнгэл сумын Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид зөвлөмж зөвлөгөө мэдээллийг өгч байна.


Улсын чанартай авто замд зорчиж байгаа 70 гаруй жолооч, иргэнд цаг агаарын нөхцөл байдалтай холбоотой зам даваанд халтиргаа ихтэй, замын үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул хурдаа тохируулан анхаарал болгоомжтой зорчихыг санууллаа. Хол, ойрын замд зорчихдоо тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, найдвартай харилцаа холбооны хэрэгсэлтэй явахыг зөвлөсөн байна. Мөн заавал баталгаат зам, гүүрээр зорчих талаар зөвлөмж хүргэлээ.


Баянхайрхан, Баянтэс, Тэс, Асгат сум болон Увс аймгийн Зүүн хангай чиглэлийн сумдын нутгаар цас орж цасан шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа. Үүнтэй холбогдуулан Тэс-Зүүн хангай чиглэл, Тэс-Баянхайрхан, Баянтэс, Асгат сумын чиглэлд хяналтын цэг гаргаж иргэдэд хол ойрын замд зорчихгүй байх талаар анхааруулга, зөвлөмжийг хүргэн ажиллаж байна.


Иргэд та бүхэн мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар, зөвлөмжийг дагаж мөрдөж өөрийн болон гэр, бүлийнхээ аюулгүй байдлыг хангаж цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээг тогтмол авч дагаж мөрдөхийг анхааруулж байна гэж Завхан аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв.

Тосонцэнгэл сумын Цагдаагийн газар, Онцгой байдлын алба хаагчид жолооч нарт зөвлөмж хүргэж байна

Улиастайгаас Говь-Алтай аймаг болон Завханы урд бүсийн чиглэлд зорчдог Ганцын даваа 3 дугаар сарын 11 

Холбоотой мэдээ