ОРХОН: Наурызын баярыг тохиолдуулан хүндэтгэлийн барилдаан зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-03-18 08:49:21

Баян-Өндөр, 2025 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. “Наурыз-2025” улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдааныг 3 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймаг дахь “Береке бирлик” нутгийн зөвлөлөөс зохион байгуулна.


Барилдааны үеэр улсын заан Б.Серик, улсын начин Б.Баатарцол, улсын начин Н.Мустафа болон Баян-Өлгий аймгаас урилгаар улсын харцага О.Бакыт тэргүүтэй аймгийн хурц арслангууд хүрэлцэн ирэхээс гадна 1976 онд Эрдэнэтийн наадамд түрүүлж байсан аймгийн хурц арслан агсан Солтаны Бердиханд хүндэтгэл илэрхийлэх юм.


1976 онд анх Эрдэнэт хотноо цэргийн алба хааж байхдаа тухайн үеийн наадамд түрүүлж байсан Солтаны Бердихан агсан нь 1956 онд төрсөн, залуу идэр насандаа ийнхүү аймгийн хурц арслан цолыг хүртэж байсан бөгөөд 2005 он хүртэл Баян-Өлгий аймагт амьдарч байгаад нас баржээ.


Түүний алдрыг хүндэтгэх хүчит 64 бөхийн барилдааныг үзэж сонирхохоор ОХУ, Казахстан улс, хөрш зэргэлдээ Дархан-Уул аймгийн Шарын гол сум, Баян-Өлгий аймгаас төрөл төрөгсөд, ах дүү, хоёр хүү нь Орхон аймагт ирээд байна.


Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлөөс санаачлан хийж буй энэхүү барилдааныг Орхон аймгийн ЗДТГ, биеийн тамир спортын газар дэмжлэг үзүүлэн зохион байгуулж байна.


Орхон аймагт өнөөдрийн байдлаар 250 гаруй казах үндэстэн өрх амьдардаг тул жил бүр аймаг, орон нутгийн хүрээнд Наурызын баярыг өргөн дэлгэр тэмдэглэсээр ирсэн юм.





Холбоотой мэдээ