Г.Ганчимэг: Гүйцэтгэж байгаа үүрэг маань хариуцлага өндөр, алба хаагчаас олон ур чадвар шаарддаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны гуравдугаар
сарын 18 /МОНЦАМЭ/.
“Хүн бүрд зорьсон ирээдүй,
мөрөөдсөн ажил, бүтээсэн үйл гэж байдаг.
Их, бага гэлтгүй тухайн ажил нь сайн сайханд тэмүүлэх зорилгыг бий болгож,
улмаар бусдад тустай байна гэдэг сайхан хэмээн ярих” мөрдөс зүүн онцгой албанд эрчүүдтэй
мөр зэрэгцэн ажиллаж яваа нэгэн ажилсаг, авхаалжтай бүсгүйг энэ удаа онцолж
ярилцлаа.
Түүнийг
Галцогийн Ганчимэг гэдэг юм. Сэлэнгэ аймгийн ОБГ-ын ангиллын сургалт,
сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, ахмад цолтой.
-Танд Монгол цэргийн өдөр, Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн
байгуулагдсаны 104 жилийн ой баярын мэнд хүргэе.
-Баярлалаа.
-Тэмдэглэлт
энэ өдөр ажил үйлсээрээ омогшиж байна уу? Өөрийн тань ажлын чиг үүрэг ямар
байдаг вэ, өөрийгөө танилцуулна уу?
-Миний
эрхэлж байгаа ажил бол гамшгаас урьдчилан сэргийлэх, таниулах мэдээ мэдээллийг
иргэдэд хүргэх гэсэн эрхэм зорилготой ажил. Бусдад тустай үйлс юмдаа. Хэдийчинээ олон хүнд мэдлэг мэдээллийг олгоно, төдийчинээ болзошгүй аюул, ослын
хохирлыг бууруулах боломжтой юм.
Би
Улаанбаатар хотод төрж, Завхан аймгийн Улиастай сумын ерөнхий боловсролын III
сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшин, Орхон их сургуулийг 2009 онд орос-англи
хэлний багш мэргэжлээр төгссөн.
Улмаар Дотоод
хэргийн их сургуульд 2018-2020 онд суралцаж, гамшиг судлалын магистрын зэрэг
хамгаалсан. Онцгой байдлын байгууллагад 10 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байна.
Анх
Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт бичиг хэрэг, архивын эрхлэгчээр 2015 онд
орсон. Тэгээд тэр жилдээ ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх
асуудал хариуцсан мэргэжилтэн гэдэг албан тушаалд томилогдсон. Энэ албан
тушаалд хамгийн олон жил ажиллаж байгаа таван хүний нэг болсноороо бахархаж
байна.
-Яагаад гадаад хэлний мэргэжилтэй хүн, энэ онцгой алба руу орчих воо?
-Би 10 жилийн
сурагч байхаасаа л нийгмийн идэвх сайтай, төрөл бүрийн уралдаан, тэмцээн,
мэтгэлцээнд тогтмол оролцдог хүүхэд байсан. Хүүхдийн эрх, аюулгүй аж төрөх
зэрэг сэдвийн хүрээнд илтгэл, мэтгэлцээнд оролцож, удаа дараа шагналт байрт шалгарч
байлаа. Энэ минь энэ албанд ажиллах хүслийг бий болгож өгсөн.
Мөн
хүүхэд байхдаа цэргийн хувцастай зураг авахуулснаас хойш ийм л хүн болно доо
гэдэг мөрөөдлийг “тээж” ирсэн.
-Хариуцан
гүйцэтгэж байгаа ажлын тань гол онцлог юу вэ?
-Гүйцэтгэж
байгаа үүрэг маань хариуцлага өндөр, алба хаагчаас олон ур чадвар шаарддаг
онцлогтой албан тушаал. Онцгой байдлын байгууллагын өнгө төрх ч гэж хэлж болно.
Гамшгаас хамгаалах хуульд заасан ангиллын сургалт, сурталчилгааг зохион байгуулах,
урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй.
Бүх л
насны хүмүүст сургалт, дадлага зохион байгуулна, байгууллагын үйл ажиллагаа
болоод гамшгаас урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг хүргэнэ гээд ажил,
үүргийн хувьд ч их. Нөгөө талаар өдөр тутам, цаг бүр олон хүмүүстэй танилцаж,
шинэ зүйлийг сурах, мэдэх гээд олон боломжийг ч олгодог.
-Нас
насны хүмүүст, олон чиглэлд зөвлөмж мэдээлэл хүргэнэ гэдэг амаргүй. Сэтгэл,
зүтгэлээ зориулан хийсэн ажлын үр дүн гарч байна уу вэ?
-Жил
бүр аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн хэмжээнд зохион байгуулах гамшгаас
урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ, аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан,
албан хаагчдад зориулсан сургалтын хуваарийг батлуулдаг.
Аймгийн
хэмжээнд хийж, хэрэгжүүлж, хэвшүүлсэн урьдчилан сэргийлэх хэд, хэдэн томоохон ажлууд
ч байдаг. Онцолбол, 2023 оноос ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд
“Бэлэн бай” дэвжээ тэмцээнийг, цэцэрлэгүүдийн дунд “Галын аюулгүй байдлын
шилдэг булан шалгаруулах” уралдааныг гурван жил зохион байгуулсан.
Энэ ажлын
үр дүнд аймгийн 20 гаруй цэцэрлэг гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх
булантай болж, хүүхдүүд тоглонгоо мэдлэгтэй болдог болсон. Аж ахуйн нэгж, байгууллага,
сургууль, цэцэрлэг, иргэд гээд жилд дунджаар 300 гаруй сургалтыг 3000 гаруй
хүнийг хамруулан зохион байгуулж байна. Аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан,
алба хаагчдад зориулсан сургалтыг аймгийн Улаан загалмайн хороотой хамтран
явуулдаг.
Энэ
жилийн хувьд “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Сэлэнгэ орон нутгийн хөтөлбөртэй хамтран
сургалт зохион байгуулсан байгууллага бүрд гал унтраагуурыг хүлээлгэн өгсөн. Ингэснээр
онолоор олж авсан мэдлэгээ бататгах, цаашлаад өөрийн амьдрал, ахуйд хэрэглэж
сурах дадлыг бий болгож байгаа юм.
-Өөрөө
энэ их ажлынхаа хажуугаар олон нийтийн оролцоотой үйл ажиллагаанд маш их
идэвхтэй, амжилттай оролцдог. Энэ талаараа?
-Албаны
болоод төрийн цэргийн байгууллагын хэмжээнд зохион байгуулдаг томоохон спорт,
уралдаанд тогтмол оролцдог. Усан бассейн анх манай аймагт 2018 онд нээгдсэнээс
хойш хичээллэж байна. Онцгой байдлын албаны аварга шалгаруулах 2020 оны
тэмцээний усанд сэлэлтийн 4*50 метрийн буухиа төрөлд багаараа алтан медаль,
мэлхий сэлэлтийн төрөлд мөнгөн медалийг хүртэж байсан.
Өнгөрсөн
2024 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит
“Марш, тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн”-д эмэгтэй тасгийн бүрэлдэхүүний нэг
болж, багаараа анхны хүрэл медалийг хүртсэнээр түүхэн амжилтын нэг болсон. Мөн төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын хүндэтгэлийн жагсаалд 2022
оноос хойш Онцгой байдлын албаны эмэгтэй хайрцагт алхаж байна.
-Энэ хөдөлмөрч,
дайчин бүсгүйн гэр бүлтэй танилцмаар байна?
-Манайх
ам бүл тавуулаа. Нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Миний ханийг Б.Хэрлэн
гэдэг. Нөхөр маань УБТЗ-ын Сүхбаатар өртөөнд ачаа вагон хүлээлцэгчийн албан
тушаалтай. Том хүү Х.Эрдэнэ VI анги, дунд охин Х.Марал III ангийн сурагч. Бага хүү Х.Цэвээн 5 настай, цэцэрлэгт
явдаг.
-Өөрийн
тань хэлэх дуртай үг, өөрийгөө хөглөж, эрч хүч авдаг зүйл юу вэ?
-Зорилготой
бай, түүндээ хүрэх зоригтой бай гэж хэлэх дуртай. Хамгийн гол нь өөртөө болон
өөрийнхөө хүчинд итгэх хэрэгтэй гэж боддог. Ажилдаа дуртай, албаараа бахархдаг
учраас шантрах, хойш суух асуудал гардаггүй. Хамгийн сайн дэмжигч, туслагч, зөвлөгч
нь байдаг гэр бүлийнхэндээ маш их баярлалаа гэж баярын энэ өдөр хэлье дээ.
-Мэдээж
эмэгтэй хүн, цэргийн дүрмээр ажиллах амаргүй. Өөрт тань хүндэлж явдаг,
амьдралдаа үлгэрлэн суралцаж явдаг ямар хүн байдаг вэ?
-Хамгийн
их үлгэр дуурайлал авдаг хүн бол миний ээж. Бүхий л цаг хугацаанд дотны найз,
зөвлөгч, чиглүүлэгч байдаг. Оюутан байхдаа хичээлийнхээ завсар зайгаар ажил
хийж, мөнгөө цуглуулаад Мартын 8-ны өдрөөр ээждээ монетон ээмэг авч өгч, бэлэг
барьж байсан.
Одоо ч
ээж маань тэр ээмгийг зүүдэг. Тухайн үедээ маш их баярлаж байснаа байнга л
ярьдаг юм. “Ээжээ та минь миний амьд
бурхан шүү” тандаа охин нь хязгааргүй
хайртай гэж хэлмээр байна.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.