БУЛГАН: Бригадын генерал Б.Ууганбаярыг төрсөн нутгийнхан нь хүлээн авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-03-20 10:12:26

Булган,  2025 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан, бригадын генерал Б.Ууганбаяр төрөлх нутаг Булган аймагтаа зочиллоо.

 

Монгол Улсад генерал цол олгож эхэлсний 81 жилийн ойг тохиолдуулан Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабаас ажлын гараагаа эхлүүлж байсан Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан, бригадын генерал Б.Ууганбаярт хүндэтгэл илэрхийлж угтан авсан байна.


Төрийн цэргийн болон Хууль сахиулах байгууллагуудаас төрөн гарсан генерал цолтнуудад хүндэтгэл илэрхийлж, түүхэн цаг хугацааны гэрч болсон тэдний хүсэл мөрөөдөл, зорилго, ажил үйлс, тухайн байгууллагын хөгжилд оруулсан хувь нэмрийг алба хаагч бие бүрэлдэхүүнд сурталчлан алдаршуулах зорилгоор ахмад, дунд, залуу үеийн уулзалтыг зохион байгууллаа.


Уг үйл ажиллагааны хүрээнд Үйлчилгээний гавьяат ажилтан, бригадын генерал Б.Ууганбаяр ажлын гараагаа эхэлж байсан аймгийн Засаг даргын Тамгын газар болон Булган сумын Засаг даргын тамгын газар, Булган аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцаж өөрийн дурсамж түүхээс хуваалцлаа. Мөн Цогт хунтайжийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.

 

Булган аймгийн Булган сумын уугуул, Бригадын генерал Батмөнхийн Ууганбаяр Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2023 онд Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор шагнуулсан юм.


Бригадын генерал Б.Ууганбаяр нь 1977-1987 онд Ерөнхий боловсролын сургуулийг, 1987-1991 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийг цэргийн эдийн засагч мэргэжлээр төгссөн. 1998-1999 онд Төрийн захиргааны институтыг удирдахуйн ухаан, 2003-2005 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын магистр зэрэгтэй хамгаалсан. 


Түүний ажилласан байдал:

1991-1992 онд Цэргийн нэгдсэн дээд сургуульд дамжааны захирагч, 1992-1993 онд Батлан хамгаалах яамны Ар талыг удирдах газарт мэргэжилтэн, 1993-1996 онд Булган аймгийн МАХН-ын хороонд мэргэжилтэн,

1996-1999 онд Булган аймгийн Цэрэг, иргэний хамгаалалтын штабт иргэний хамгаалалтын асуудал хариуцсан ахлах офицер, 1999-2004 онд Улсын Иргэний хамгаалалтын газарт мэргэжилтэн, 2004-2012 онд Гамшгаас хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газарт эрдэм шинжилгээний ажилтан, бодлого, төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах офицер, хэлтсийн дарга, 2012-2015 онд Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга,

2015-2016 онд Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, 2016-2017 онд Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газар, 2017 оны 08 сараас Онцгой байдлын ерөнхий газрын дэд даргаар тус тус ажиллаж 2024 оны 6 сард Гамшгаас хамгаалах сургалтын төвийн захирагчаар томилсон байна.

















 

Холбоотой мэдээ