ДАРХАН-УУЛ: Оюутан цэрэг хөтөлбөрт энэ жил 136 оюутан хамрагдах хүсэлтээ өгчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Их, дээд сургууль, коллежийн оюутнууд суралцах хугацаандаа цэргийн алба хаах боломжийг олгодог болсон. Энэ нь "Оюутан цэрэг" цэргийн мэргэжил олгох сургалтад хамруулж танхимын болон хээрийн дадлага сургуулилалт хийдэг. Энэ жил аймгийн хэмжээнд 136 оюутан уг хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ өгч бүртгүүлжээ. Эдгээр оюутнууд өнөөдөр эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж байна.
Тус хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутан, залуус цэргийн жинхэнэ алба хаагчдын адил эрүүл мэндийн үзлэг, бие бялдрын өв тэгш байдал, биеийн тамирын шалгалт зэрэг тусгай шалгуурыг хангасан тохиолдолд тэнцдэг.
Дархан-Уул аймаг дахь ШУТИС-ийн Дархан технологийн сургууль, АШУҮИС-ийн Анагаахын сургууль, ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь Агро экологи, бизнесийн сургууль, Дархан политехник коллежийн оюутнууд хөтөлбөрт хамрагдаж байна.
Шалгуур, үзүүлэлт хангасан оюутнууд ирэх сарын 1-нээс эхлэн хоёр сарын хугацаанд танхимын хичээл, үргэлжлүүлэн хоёр сар хээрийн бэлтгэл сургалтад хамрагдаж улмаар цэргийн тангаргаа өргөх юм.
“Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бүх талын туслалцааг орон нутгаас дэмжин ажиллахын зэрэгцээ, хээрийн бэлтгэл хийх газрын цэрэгжилтийн хангалтад зэвсэгт хүчний 330 дугаар анги хамтран ажилладаг.
Улс орны батлан хамгаалах чадавхыг сайжруулах, дайчилгааны бэлтгэл үүрэгтний
нөөцийг нэмэгдүүлэх, төрийн алба хаших, батлан хамгаалах
бэлтгэлтэй иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор оюутан залуусыг их, дээд
сургуульд суралцах хугацаандаа цэргийн алба хаах боломжийг бүрдүүлсэн нь
тэдгээрийг цэрэг-эх оронч үзэл, хүмүүжилтэй, эх орноо батлан хамгаалах эрүүл
чийрэг, бие бялдрын болон сэтгэл зүйн тэвчээртэй болгон төлөвшүүлж
байгаа нь олон нийтийн дэмжлэгийг авч тус сургалтын эрэлт, хэрэгцээ жилээс жилд
өсөн нэмэгдэж буйг албаныхан онцоллоо.
Ташрамд, өнгөрсөн жил 54 оюутан уг хөтөлбөрт хамрагдаж тангараг өргөжээ.