Хүний эрхийн төлөв байдлын үнэлгээний талаарх цахим уулзалт-хэлэлцүүлэг болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-03-21 08:58:58

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Хүний эрхийн төлөв байдлын үнэлгээний талаарх Монгол Улсын Их Хурал болон Олон улсын парламентын холбооны хамтарсан цахим уулзалт-хэлэлцүүлэг энэ сарын 20-нд боллоо.


Цахим уулзалт-хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн, ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн тусгай хорооны дэд ерөнхийлөгч О.Номинчимэг нар ажиллав. Энэ хүрээнд Хүний эрхийн төлөв байдлын ээлжит тайлан, хэлэлцүүлгийн үйл явц дахь УИХ-ын оролцоо, гишүүн орнуудаас хүлээн авсан зөвлөмжүүдийн хэрэгжилт, тэдгээрийг хэрэгжүүлэхэд парламентын оролцоог хангах талаарх асуудлын талаар хэлэлцэв.


Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар уулзалт-хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улс Үндсэн хуульдаа хүний эрхийн асуудлыг нэн тэргүүнийх хэмээн эрэмбэлэн тусгасан бөгөөд хэрэгжилт нь олон улсын түвшинтэй харьцуулахад зохих ёсоор байгаа эсэхийг бид олон улсын хамтын нийгэмлэгтэй нээлттэй ажиллаж байж мэдрэх боломжтой гэв. Энэ үүднээсээ ОУПХ Монгол Улсыг дэмжин, энэхүү цахим уулзалт-хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулж буйд талархал илэрхийллээ. Хүний эрхийн асуудалд иргэний нийгмийн байгууллагууд чухал оролцоотой байдаг гэдгийг тэрбээр тодотгохын зэрэгцээ хэвлэн нийтлэх эрхийн хэрэгжилт нь хүний бусад эрхийн хэрэгжилтийн бодит хэмжүүр байдаг гэдгийг дурдсан.


УИХ-ын ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан 9 дэх УИХ хүн төвтэй хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх зарчмыг баримтлахаа илэрхийлсэн гэдгийг Д.Цогтбаатар гишүүн хэлээд “УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн зүгээс Үндсэн хуулийнхаа суурь үзэл баримтлалыг хэрэгжүүлэхээр манлайлал үзүүлэн ажиллаж байгааг бүх түвшиндээ дэмжин ажиллах болно” хэмээлээ. Мөн тэрбээр 2024 онд Швейцарын Холбооны Улсын Женев хотноо болсон ОУПХ-ны 149 дүгээр чуулга уулзалтын үеэр тус холбооны Парламентчдын хүний эрхийн тусгай хорооны 3 гишүүнийг сонгох сонгуульд УИХ-ын гишүүн О.Номинчимэг нь 8 гишүүн орны 9 парламентчтай өрсөлдөн, сонгогдсон гэдгийг дурдаад баяр хүргэв.


ОУПХ-ны Хүний эрхийн хөтөлбөрийн менежер Рожиер Хуйзенга энэхүү хамтарсан цахим уулзалт-хэлэлцүүлгийг нээж үг хэлсэн юм.  Энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулахаар хамтран ажиллаж буй Монгол Улсын Их Хуралд тэрбээр талархал илэрхийлээд, хүний эрхийг дээдэлсэн, жендэрийн тэгш байдлыг эрхэмлэсэн стратегийг 2024-2028 онд хэрэгжүүлэхээр төлөвлөгөөгөө амжилттай баталсанд баяр хүргэв. Монгол Улсын Их Хурал, Олон улсын парламентын холбоо хооронд байгуулсан Харилцан ойлголцлын Санамж бичгийн хугацааг сунгаснаар хамтын ажиллагааны бат бөх байдлыг илэрхийлж, цаашдын үйл ажиллагааны хөдлөшгүй суурь болно гэдгийг онцлов.


Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг буюу UPR нь НҮБ-ын гишүүн 192 орны хүний эрхийн төлөв байдлыг 4 жил тутам дүгнэн хэлэлцэх цоо шинэ механизм гэдгийг дурдаад, "Парламент нь хүний эрхийн төлөв байдалд чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг бидний энэхүү хэлэлцүүлгээс харж болно. Парламент нь ардчилсан засаглалын үндэс, ард түмний хүсэл зоригийн илэрхийлэл болдог утгаараа хүний эрхийг хангах зорилтуудыг хууль тогтоомжид тусган, бодит үр дүн болгоход чухал үүрэг оролцоотой байдаг. Хууль тогтоох, төсөв батлах, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд хүний эрхийг үндэсний хэмжээнд ханган, хамгаалахад парламент чухал нөлөө үзүүлдэг. Монгол Улсын Их Хурал нь UPR-ын үйл явцад идэвхтэй оролцсоноор олон улсын өмнө хүлээсэн хүний эрхийн талаарх үүрэг амлалтуудаа үндэсний хэмжээнд биелүүлэж, хариуцлагатай тогтолцоог төлөвшүүлэх үр дүнтэй" гэв.

Энэхүү хэлэлцүүлгээр Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдалд УИХ-ын оролцоо, хүрсэн үр дүн, ололт амжилт, ахиц дэвшлийг онцлон тэмдэглэх, улмаар холбогдох зөвлөмжүүдийг бодлогын баримт бичгүүд, хууль тогтоомжид тусгах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийг тодотгох зорилготой болохыг ОУПХ-ны Хүний эрхийн хөтөлбөрийн менежер Рожиер Хуйзенга тодотгож байв. Өнөөдрийн хэлэлцүүлгээр UPR-ын үйл явцад хувь нэмэр оруулсан бусад улс орны парламентуудын шилдэг туршлагыг сонсох болно гээд "Энэхүү хэлэлцүүлэг нь Монгол Улсад хүний эрхийг хамгаалах ажлыг урагшлуулах, ахиц дэвшил гаргахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна" хэмээгээд хэлэлцүүлэгт амжилт хүссэн.


“UPR механизмын талаарх ойлголт” сэдвийн хүрээнд ОУПХ-ны Хүний эрхийн хөтөлбөрийн менежер Рожиер Хуйзенга илтгэл танилцууллаа. Тэрбээр UPR дэлхий даяар хүний эрхийг хамгаалах чухал механизм болох талаар, UPR-ын зөвлөмж боловсруулах, хэрэгжүүлэхэд гүйцэтгэх үүрэг, Монгол Улсын UPR-ийн үйл явц дахь оролцоо, үндсэн үе шатууд, хүлээсэн үүрэг амлалт, дараагийн тайланг хянан хэлэлцэх товын талаарх танилцуулга, Монгол Улсын хүний эрхийн ахиц дэвшил, тэгүүлэх чиглэлүүдийн талаарх мэдээллийг хуваалцсан юм.


Монгол Улс хүний эрхийн төлөв байдлын талаарх тайлангаа 4 дэх удаагаа хүргүүлж, хэлэлцүүлэхээр зэхэж байгааг тэрбээр илтгэлдээ дурдав. Зарим улс оронд Засгийн газар нь Хүний эрхийн төлөв байдлын ээлжит тайлангаа эхлээд парламентдаа танилцуулж, хэлэлцүүлдэг жишгийн талаар ОУПХ-ны Хүний эрхийн хөтөлбөрийн менежер Рожиер Хуйзенга илтгэлдээ дурдаж байв. Түүнчлэн парламент холбогдох зөвлөмжийн хэрэгжилт, тайлангийн боловсруулалтад оролцох боломж байдгийг жишээ татаж байлаа.

 

 

Холбоотой мэдээ