СЭЛЭНГЭ: 22.4 сая мод тарьж ургуулаад байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны гуравдугаар
сарын 22 /МОНЦАМЭ/. Үндэсний хэмжээнд
хэрэгжиж буй “Тэрбум мод" хөдөлгөөний хүрээнд Сэлэнгэ аймаг 2030 он хүртэл 20 сая тарьц суулгац тарихаар гэрээ байгуулан “Тарьц суулгац нийлүүлэг
аймаг” болох эрхэм зорилтыг дэвшүүлж, 22.4 сая мод тарьж ургуулан
амлалтаа бэлтгэл шатандаа 100 хувь ханган ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн хэмжээнд "Тэрбум мод" үндэсний
хөдөлгөөнийг үндсэн 3 том зорилтын хүрээнд тодорхой үр дүнд хүрэх
зорилготойгоор хэрэгжүүлж байгаа юм.
Тодруулбал, нэн тэргүүнд
цөлжилт, элсний нүүдлээс хамгаалсан ойн зурвасыг байгуулахаар төлөвлөж,
одоо байгаа доройтсон ойгоо нөхөн сэргээхээс гадна ууланд болон ойн
сангийн талбайд ойжуулалт хийж байна.
Хамгаалалтын ойн зурвас байгуулснаар үр дүн ихтэй бөгөөд ач холбогдол өндөр юм.
Хамгаалалтын ойн зурвас нь
юуны өмнө зурвас хоорондын талбайд салхины хүчийг багасгахад чухал нөлөөтэй.
Ойн зурвас тодорхой хэмжээний зайд салхины хүчийг өөрчлөн бууруулснаар хөрсний
гадаргуу ба ургамлаас ууршин алдагдах чийгийг бууруулах, мөн хөрсний
гадаргуугаар цасыг харьцангуй жигд хуваарилж хунгарлуулах тул хөрсийг
хөлдөлтөөс хамгаалдаг байна.
Мөн хамгаалалтын ойн зурвас
хуурай халуун салхинаас тариалангийн талбайг хамгаалах, үржил шимт хөрсийг
хийсэх, цөлжилт нэмэгдэхээс хамгаалж, цас, борооны усны урсах хөдөлгөөнийг
сааруулж хөрсөнд аль болох ихээр шингээж хөрсийг угаан урсгаж эрэг ганга үүсэж
эвдрэхээс хамгаалах, элс бүхий талбайн
хэмжээг нэмэгдүүлэхгүй байх, элс салхинд үлээгдэж бэлчээр, хадлан тариалан,
суурины талбайг дарахаас хамгаалах, хөдөө аж ахуйн таримал ургамал ургах
нөхцөлийг сайжруулахад ихээхэн ач холбогдолтой юм.
Тариалангийн талбай хамгаалах
ойн зурвасын туузын өргөнийг ихэвчлэн 10-20 метрийн хэмжээтэйгээр байгуулдаг бөгөөд тариалангийн бүсэд
хайлаас, улиас, гүйлс, жигд, бургас, нарс гэх мэт мод сөөгийг сонгож болдог
байна.