Г.Наранцэцэг “Их дуулга”-ын найм дахь медалиа зүүлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Гүржийн Тбилиси хотод жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн өндөрлөж, манай улс нэг алтан медаль хүртлээ.
Тодруулбал, тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Г.Наранцэцэг алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа Тбилисид эгшиглүүлэв. Манай тамирчин Солонгосын Ху Мио, Испанийн Лаура Мартениз Абелинда, Францын Ширин Боукли, Испанийн Перез Солер Эва нарыг дараалан ялсан юм. Ингэснээр тэрбээр “Их дуулга” ангиллын тэмцээнээс найм дахь медалиа авлаа. Өдгөө 30 настай тэрбээр хоёр алт, нэг мөнгө, таван хүрэл медальтай болов. Харин Тбилисийн тэмцээнээс хоёр дахь медалиа зүүлээ. Өмнө нь 2023 онд хүрэл медалийн эзэн болж байв.
Түүний авсан алтан медалийн нөлөөгөөр манай улс 52 орноос зургаадугаарт жагсав. Жүдо бөхийн үндэсний шигшээ багийнхны оролцсон 2025 оны анхны “Их дуулга”-д манай улсаас 19 тамирчин зодоглоход нэг алтан медалиас гадна зургаан тамирчин шагналт байрт шалгарсан байна. Манай тамирчдын оролцох дараагийн тэмцээн нь ирэх сард Тайландын Бангкок хотод болох насанд хүрэгчдийн ААШТ байх юм.
Энэхүү тэмцээнийг Францын баг гурван алт бүхий 10 медальтай тэргүүлсэн бол эзэн орон Гүрж, ОХУ удаалжээ. Тэмцээнд оролцсон 52 орноос 10 нь алтан медальтай нутаг буцсан. Тэгвэл 22 орны жүдоч ямар нэгэн байдлаар медаль хүртсэн байна.