Дарханы нарны цахилгаан станц жилд 14.1 сая кВт эрчим хүч үйлдвэрлэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт байрлах “Дарханы 10 мвт нарны цахилгаан станц”-ын байгууламжийн гүйцэтгэл 90 гаруй хувьтай явж байна.
Тус станц нь ОХУ-аас импортоор авч байгаа эрчим хүчний хэмжээг багасгаж бүс нутгийг сэргээгдэх эрчим хүчний системд холбоход ихээхэн ач холбогдолтой.
Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Засаг дарга С.Насанбат нар уг байгууламжийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэхүү нарны цахилгаан станцыг дотоодын “Solar power international”, Япон улсын “Sharp” корпорац, “Shigemitsu shoji” компани хамтарч 17.5 сая ам долларын хөрөнгө оруулалтаар байгуулж байгаа аж. Станц нь ирэх 12 дугаар сарын 25-нд Төвийн бүсийн эрчим хүчний системд холбогдож “Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ” ТӨХК-д эрчим хүчээ нийлүүлж эхэлнэ.
Тус нарны цахилгаан станц нь нийт 32274 ширхэг нарны модуны тусламжтайгаар жилд 14.1 сая кВт эрчим хүч үйлдвэрлэх юм. Энэ нь 20 мянган өрхийг сэргээгдэх эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ гэж “Solar power international” компанийн гүйцэтгэх захирал Б.Мандалбаяр ярилаа. Түүнчлэн тус нарны цахилгаан станц нь жилд 14,746 тонн хүлэмжийн хий ялгаруулахаас сэргийлж цахилгааны холболтын кабель нь манай орны -30-40 хэмийн хүйтэн эрс тэс нөхцөлд найдвартай, өндөр үр ашигтай ажиллах шаардлагыг хангана гэж тооцоолжээ. Энэ нь эргээд байгаль орчинд хор хөнөөлгүйн дээр бусад аймагт эрчим хүчний эх үүсвэрээ шинэчлэх үүд хаалгыг нээж байгаа хэрэг гэдгийг уг станцын үйл ажиллагаатай танилцах үеэр аймгийн удирдлагууд онцоллоо.
Б.Норовсамбуу