"Спортлог-Улаанбаатар" бүх нийтийн өдөрлөг болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
ariunbold@montsame.gov.mn
2015-10-10 13:38:03

Нийслэлийн 376 жилийн ойд зориулсан “Спортлог - Улаанбаатар” бүх нийтийн өдөрлөг өнөөдөр 10:00-17:00 цагийн хооронд Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд болж байна.

Энэхүү бүх нийтийн өдөрлөгийн зорилго нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтын хүрээнд өсвөр үе, залуучуудад биеийн тамир, спортын үйл ажиллагаанд татан оролцуулах, түүгээр хичээллэж, амьдралын хэвшил болгох замаар эрүүл амьдралын хэв маяг, аливаа саад, бэрхшээлийг даван туулах бие, сэтгэлийн тэсвэр хатуужилтай шинэ үеийг бий болгоход чиглэж байна.

“Спортлог - Улаанбаатар” бүх нийтийн өдөрлөгийн ажиллагаанд нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын газар, хороо, спортын холбоод, нийслэлийн Засаг даргын дэргэдэх Оюутны шигшээ баг, дүүргүүдийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн тамирчид, нийслэлийн ахмадууд зэрэг 60 гаруй байгууллагын 2000 гаруй төлөөлөл оролцож үйл ажиллагаагаа сурталчилж байна.

Мөн Монголын спорт бүжгийн холбоо, Монголын гимнастикийн холбооны спортын болон уран сайхны гимнастик, аэробик, хийн дасгалын багийн үзүүлэх тоглолтууд, Биеийн тамир, спортын хороо, Спортын холбоод, фитнесс клубүүд өөрсдийн үйл ажиллагааг сурталчилах арга хэмжээ  зохион байгуулах юм.

Тус өдөрлөгийн хүрээнд  Үндэсний сур, аялал, буудлага, байт харваа  үндэсний хөлөгт тоглоом зэрэг спортын хэрэлэл материалаар үзэсгэлэн гаргаж, Дугуйн үзэсгэлэн худалдаа, пракат үйлчилгээ зохион байгуулж байна. Мөн Нийслэлийн эрүүл мэндийн газраас иргэдэд үнэ төлбөргүй эрүүл мэнд, бие бялдрын сорилын үзлэг, зөвлөгөө өгөх аж.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ