БУЛГАН: Манай сүрэг 100 халзан тугалаар бүл нэмнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-03-26 15:58:51

Булган, 2025 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Улсын аварга малчин Гүндсамбуугийн хүү аймгийн аварга малчин Нэргүйбаатартай уулзаж, орон нутгийн хаваржилт, мал маллагааны арга ухаан, төл хүлээн авах бэлтгэл ажлын талаар ярилцлаа.

 

Манай сүрэг зуун халзан тугалаар бүл нэмнэ

 

Жилийн дөрвөн улиралд нар, бороо, цас зуд ажрахгүй зориг тэвчээр гарган буянт мал сүргээ өсгөж хойч үедээ туршлагаа өвлүүлэн, эх орондоо үнэлшгүй ихээр хувь нэмрээ оруулж байгаа хүмүүс бол монголынхоо хөдөө аж ахуйн гол цөм болсон малчид билээ. Тэд цастай, зудтай, шуургатай цагийн дөрвөн улирлын хатууг аргадаж, зөөлөнтэй эвлэрч, малынхаа хөлийн аясаар нутаг сэлгэж нүүдлийн ахуй заншлаа хадгалж яваа эрмэг зоримог ард түмний үргэлжлэл юм.


Орхон сум бол хэзээний хөдөлмөр гавьяаны эзэд алдартан төрдөг нутаг. Зөвхөн Халиун бригадаас л гэхэд 30 гаруй гавьяат төрөн гарсан байдаг тэдний үргэлжлэл залуу үеийн төлөөлөл Г.Нэргүйбаатар үхэр сүргээ суурилан хариулж, зуун халзан тугал хүлээн авахаар бэлтгэлээ хангаад байна. 


-Мал сүргээ хэдэн төрөлд өсгөж голлон ямар мал хариулж байна вэ?

-Манайх одоогоор үхэр сүрэг голлон маллаж байна. Жилд 100 гаруй үнээ туглуулдаг Ер нь л 1-8 дугаар сарын хооронд л шинэ төлөө хүлээж авна. Бид тугал бяруугаа намар 10 дугаар сараас ялгаад 5 дугаар сар хүртэл тусад нь хариулж байгаад үхэртээ нийлүүлдэг. Сүүлийн арваад жил ийм маягаар ажиллаж байна. Энэ байдалдаа хүн, мал аль аль нь дассан даа.


-Төл мал арчлах таны арга туршлагаас хуваалцвал?

-Төл малыг нэмэлт тэжээлээр тэжээдэг боловч бэлчээрт нь илүү дасгаж хариулах нь сайн. Байгалийн амьтан байгальдаа л дасан зохицох нь арай илүү. Тийм ч учраас бид хослох аргаар бойжуулахыг хичээдэг дээ. Монгол малын нэг онцлог нь хашиж тэжээх тутам бүрсийж царай алдаад бэлчээрт нь байлгах тусам зүс нь гялалзаж үс нь сорлоод сэргээд ирдэг юм. 


-Орон нутгаасаа төрөн гарсан ахмад үе алдарт малчдынхаа арга туршлагаас хэр судалж хэрэгжүүлж байна?

-Хөдөө өссөн малчны хүүхдүүд хөлд ороод л мал дагадаг, хэлд ороод л малдаа дуу чимээ өгч малын хошуу эргүүлдэг болохоор миний хувьд бол тэдний л нэг жирийн малчны хүү.  Аав ээж, ахан дүүсийн мал маллах өдөр тутмын ажил л надад дадлага туршлага болдог доо. Миний аав Гүндсамбуу гэж Орхон сумын анхны мянгат малчин Улсын аварга малчин хүн. Өвөө маань ч малчин, ер нь манай дээд удам бүгд л малчин хүмүүс.


-Та ер нь малчин болно гэсэн зорилготой байсан уу?

-Аав ээжийн буянаар малын дөртэй өссөн минь их нөлөөлсөн. Нэг өдөр сургуулийнхаа амралтаар ирсэн чинь найз маань “Сургуулиасаа гарсан” гэчихсэн сайхан эмээл хазаартай морь уначихсан тэнзэн ташуур барьчихсан нь их л гоё харагдаж билээ. Тэгээд л эргэж сургуульдаа очоогүй дээ. Энэ тухайгаа аав ээж ч дор нь зөвшөөрснөөр малчин гэдэг алдраар овоглоод өнөөдөртэй золгож явна даа.


-Малчин хүний жаргалыг та яаж илэрхийлэх бол?

-Төл бүрэн мал тайван,тэнгэр сайхан бол малчин хүний сэтгэл ямагт тэнэгэр явдаг даа. Төлийн дуу бол бидний хөгжим, тэнгэрийн сайхан бол бидний амгалан гэж хэлнэ. 


-Малчин болоогүй бол та ямар ажил эрхлээд явж байсан бол?

-Ерөөсөө тэгж боддоггүй шүү. Малчин болсныхоо баяр жаргалыг зөндөө л эдэлж байна. Мал дагасандаа сэтгэл өег явна даа. Аавыгаа дагаад отроор их явдаг байлаа. Халиун сумынхаа ихэнх нутгаар оторлосон. Олон яваад ирэхээр газар нутаг өвс ургамлаа ч андахгүй болдог юм билээ. Миний аав нэг буурин дээр 10 хонуулдаггүй хүн байсан юм. Аавтайгаа байх үед голчлон сувай малаа хариулдаг байлаа. Сувай хонь үхэр адуугаа аваад л явна даа. Малчны хүүхэд эрт хэрсүүждэг гэдэг үнэн шүү ер нь.


-Залуу малчдадаа хандаж юу гэж хэлэх вэ?

-Малчин залуус бол залхуурч болохгүй зорилготой байх нь чухал шүү дээ. Малынхаа ашиг шимийг зөв зарцуулж ирээдүйгээ харж амьдраарай л гэж захимаар байна.


-Таныг өдий зэрэгтэй явахад гэр бүл, ах дүүс, аав ээжийн тань дэмжлэг багагүй нөлөөлсөн байх. Гэр бүлээ танилцуулах уу?

-Миний ханийг Мягмарсүрэнгийн Баяраа гэж малд нүдтэй, хүнд тустай энэрэнгүй зөөлөн сэтгэлтэй сайхан бүсгүй бий. Энэ олон жил бид хоёр мал бүхний амин дээр сэтгэл бодол хамт явж ирлээ. Ахан дүүс бид ааваасаа мал ахуйгаа тус тусдаа хуваарилуулан авсан ч хот нэгтэй, сэтгэл итгэл зүтгэл нэгтэй хамтдаа халуун хотондоо өсгөн үржүүлж, үр шимийг нь хүртэж айлсан явна даа. Бид эвийн хүчээр малаа маллаж итгэлийн хүчээр төлөө бойжуулж сайн сайхан амьдарч явна аа. Ахан дүүсийн хамтрал л гэсэн үг.













Холбоотой мэдээ