ЗАВХАН: Хүүхдүүдийг нийгмийн хүрээлэлд нөлөөлөх цахим элч болгон хөгжүүлэх клуб байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025
оны гуравдугаар сарын 27
/МОНЦАМЭ/. Завхан аймагт “Хурдан” клуб байгуулж 50 гаруй
хүүхдийг эгнээндээ нэгтгээд байна.
Тус клуб нь Завхан аймгийн төв, Улиастай сумын Засаг даргын дэргэд үйл
ажиллагаа явуулж, клубээр дамжуулан
хүүхэд залуусын цахимын зөв хэрэглээ, технологийн дэвшлийн талаарх ойлголтыг
нэмэгдүүлэх юм.
Ингэснээр тэдний идэвх оролцоонд тулгуурлан нийгмийн хүрээлэлд нөлөөлөх цахим элч болгон хөгжүүлэхээс гадна ирээдүйн мэргэжлээ сонгон суралцахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой.
Мэдээллийн
технологийн “Хурдан” клубийн нээлтийн үйл ажиллагаанд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга
П.Батбаатар цахимаар, Улиастай сумын Засаг дарга бөгөөд хотын
захирагч Ч.Наранбат, Завхан
аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Бямбажав, Завхан аймгийн Боловсрол, шинжлэх ухааны
газрын Насан туршийн боловсролын төвийн дарга Э.Ууганбат нар оролцож, клубийн
гишүүдэд баяр хүргэж амжилт хүслээ.
Мөн нээлтийн үеэр аймгийн Эрүүл мэндийн газрын мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтэн Б.Лхагвасүрэн, “Дэвшил” сургуулийн мэдээлэл технологийн багш Д.Даваадорж, “Дэвшил” сургуулийн сурагч, “ХУРДАН” клубийн гишүүн Ж.Бямбадорж нар харилцаа холбоо, мэдээллийн технологи, хиймэл оюуны салбарын хөгжлийн талаар мэдээлэл хүргэсэн байна.
Энэ үеэр орон нутагт анх удаа 100 гаруй
гишүүнтэй байгуулж
байсан "Хурдан" клубийн туршлагын талаарх мэдээллийг Дархан-Уул аймгийн Төрийн цахим үйлчилгээний
хэлтсийн дарга Н.Соёлмаа өгсөн нь онцлог байв.
Тэрбээр, “Хурдан клубийг байгуулснаар сурагчид төрийн үйлчилгээтэй холбоотой мэдээлэл авахаас гадна үе тэнгийн дээрэлхэл, цахим дээрэлхэлтэй холбоотой асуудлыг дамжуулах, мэдээлэх. эцэг, эх, асран хамгаалагчдыг цахим элч сургагч багш болох хэмжээнд бэлтгэх боломжтой” гэв.
Завхан аймагт "Хурдан" клуб байгуулснаар Улиастай сумын Ерөнхий боловсролын сургууль болон коллежийн ахлах ангийн сурагчид цахим зөв хэрэглээ, технологийн дэвшлийн талаарх ойлголттой болно.
Мэдээллийн
технологийн чиглэлээр гадаад, дотоодын төсөл хөтөлбөрт хамрагдах боломж нээгдэж
байна гэж Завхан аймаг дахь
Төрийн цахим үйлчилгээний хэлтсээс мэдээлэв.
Ташрамд, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь мэдээллийн технологийн чиглэлээр суралцах сонирхолтой хүүхдүүдийг дэмжих, цахим ур чадварыг сайжруулах зорилготойгоор “Хурдан” клубийг нээж буй юм. Өнөөдрийн байдлаар улс даяар 1700 гаруй сурагчийг эгнээндээ нэгтгэжээ.
Улиастай сумын Хурдан клубийн нээлтийн үеэр