Нийслэлийн ногоон бүсэд зорчихыг хориглолоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Ой, хээрийн гал түймрийн эрсдэлийн үнэлгээгээр нийслэлийн ногоон бүс “маш өндөр”, “өндөр” зэрэгтэй байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлжээ.
Эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” А/373 тоот захирамжаар нийслэлийн ногоон бүсэд ойн дагалт баялаг ашиглах, аялал зугаалга, ууланд алхах, төгсөлтийн баярын үйл ажиллагаа зохион байгуулах, ил гал гаргахыг өнөөдрөөс хориглолоо. Тодруулбал, гуравдугаар сарын 28-наас зургаадугаар сарын 10, есдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд ногоон бүсэд зорчихыг хорив.
Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр 2025 он гарснаар
нийслэлийн хэмжээнд иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс үүдэлтэй шар өвсний
гал түймрийн 32 дуудлага бүртгэгдээд байна.