ДАРХАН-УУЛ: Боловсролын салбарынхан төлөөлөгчдийн зөвлөгөөнөөр тулгамдсан асуудлаа хэлэлцэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-03-31 16:56:36

Дархан, 2025 оны гуравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Боловсролын салбарын мэдээлэлтэй танилцах аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн ээлжит зөвлөгөөн болж байна. Зөвлөгөөний эхэнд Боловсролын газрын дарга Л.Буянтогтох салбарын мэдээллийг танилцуулсан бол боловсролын салбарын өөрийн байгууллага болон салбартаа тулгамдсан асуудлаа танилцуулж, санал хэлж асуулт, хариултаар үргэлжилж байна.


Тухайлбал сургууль, цэцэрлэгийн гадна, дотор тохижилт, хяналтын камерыг сайжруулах, ариун цэврийн өрөөг шинэчлэх, зарим сургууль, цэцэрлэгийн барилгад их засвар хийх, дээврийн засварыг нэн яаралтай шийдвэрлэх хэд хэдэн барилга байгааг захирал, эрхлэгчид онцоллоо.




Орон нутгийн түвшинд шийдвэрлэх боломжтой хөндөгдсөн асуудлыг төлөөлөгчид хэлэлцэх бол улсын төсвийн хөрөнгө оруулалттай засвар, үйлчилгээ, шинэчлэлийг УИХ-ын гишүүд, харьяа яаманд уламжлах юм.


2024-2025  оны хичээлийн жилд төрийн өмчийн ЕБн 18 сургуульд 1050 багш, 24.288 сурагч, төрийн бус өмчийн 8 сургуульд 230 багш, 2917 сурагч, Насан туршийн суралцахуйн боловсролд 13 багш ажиллаж 78 сурагч хамрагдаж байна.


Төрийн өмчийн 31 цэцэрлэгт 293 багш, 261 туслах багш, 7715 хүүхэд, төрийн бус өмчийн 7 цэцэрлэгт 23 багш, 22 туслах багш, 457 хүүхэд, УБТЗ ХНН-ийн харьяа 3 цэцэрлэгт 18 багш, 459 хүүхэд суралцаж байна.


Цэцэрлэгийн хамрагдалт аймгийн хэмжээнд 98 хувьтай байгааг аймгийн засаг дарга онцоллоо. Цаашид хүртээмжийг нэмэгдүүлж, боловсролын чанарт анхаарч, эрүүл, аюулгүй орчинд сурахад анхаарч буй дурдлаа.

 

Холбоотой мэдээ