Сургуулийн орчинд эцэг, эхийн “School police” эргүүл ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-10-28 19:46:36

Сэлэнгэ аймаг хүүхдүүдээ гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эргүүл хяналтын ажилд ЕБС-ийн сурагчдын эцэг, эхийг зохион байгуулж оролцуулахаар боллоо.

Сургуулийн орчинд хүүхдийн болон түүний эсрэг үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчил, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хүүхдийг хамгаалах, аюулгүй орчин бүрдүүлэх үүрэг бүхий эцэг, эх /асран хамгаалагч, харгалзан дэмжигч/-ийг эргүүлд ажиллуулах журмыг боловсруулан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ сарын 26-ны өдрийн 96 дугаар тогтоолоор баталлаа. 

Ингэснээр аймгийн хэмжээний 34 сургуулийн орчинд нэг өдөр 136 эцэг, эх хүүхдийнхээ төлөө жилд нэг удаа эргүүл хийж ажиллах юм.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн 34 сургууль бий. Эдгээр сургуульд нийт 17650 хүүхэд суралцдаг. Сургууль тус бүр дунджаар 250-400 сурагчтай. Ингээд үзэхэд өдөрт нэг сургуулийн орчинд 4 эцэг эхчүүд, ажлын 5 өдөрт 20 эцэг, эхчүүд сургуулийн орчин дахь хүүхдийн аюулгүй байдлыг ханган ажиллах юм байна. Сургуулийн орчинд үүрэг гүйцэтгэх эцэг, эхийн “School police” эргүүлийн ажиллах журмыг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм байна.

Аймгийн хэмжээнд үйлдэгдэж буй гэмт хэрэг зөрчлийн шалтгаан нөхцлийг судалж үзэхэд хүүхдүүдийг сургуулийн ойр орчимд болон сургуулиасаа гэр хүрэх замд нь айлган сүрдүүлэх, гар утас, цүнх зэрэг үнэ бүхий эд зүйлсийг нь дээрэмдэх, булаах, зодох, доромжлох мөн үе тэнгийнхний дарамт шахалт, замын хөдөлгөөний осол гэмтэлд өртөх зэрэг тохиолдлууд байсаар байна. 2016 оны эхний 9 сарын байдлаар хүүхдийн болон түүний эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг зөрчлийн судалгаанаас үзэхэд 346 хүүхэд буюу 26.2 хувь нь дээрэлхэж доромжлуулсан, 166 хүүхэд буюу 12.5 хувь нь эд зүйлсээ булаалгасан, 72 хүүхэд буюу 5.3 хувь нь бусдад зодуулсан бөгөөд нийт 634 хүүхэд буюу 48.1 хувь нь гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэлд ямар нэг байдлаар өртөж, сургуулийн орчинд хүүхдүүд бие биенээ үл хүндэтгэх, хэл үгээр доромжлох зан харилцааны доголдлууд нэмэгдсээр байгаа аж.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ