БАЯНХОНГОР: Аймгийн хүн амын дундаж наслалт 72 байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-04-07 09:57:46
Баянхонгор, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Аймгийн Статистикийн хэлтсээс Баянхонгор аймгийн зарим статистик үзүүлэлтийн мэдээллийг авлаа.

Баянхонгор аймаг 88499 хүн ам, 27101 өрхтэй. Хүн амын 32 мянга гаруй нь аймгийн төвд оршин суудаг бөгөөд Баянхонгор сум 10 мянга өрхтэй. Нийт хүн амын 43680 эмэгтэй, 55819 эрэгтэй. Сумдаас хүн амын тоогоор Эрдэнэцогт сум тэргүүлдэг.

Сүүлийн судалгаагаар Монгол Улсын хүн амын дундаж наслалт 71.5 байгаа бол Баянхонгор аймгийн хүн амын дундаж наслалт 72.05. Эрэгтэйчүүдийн дундаж наслалт улсын хэмжээнд 67.62 бол Баянхонгорт 69, эмэгтэйчүүдийнх 76.85 бол аймгийн хэмжээнд 73.93 байна.

Баянхонгор аймгийн хэмжээнд 97 ба түүнээс дээш ахмад настай 12 иргэн амьдарч байгаагаас хамгийн өндөр настай нь 107 настай буурал аж төрж байна.

Тус аймгийн хэмжээнд 2024 оны эцсийн мал тооллогоор 4026.1 мянган толгой мал тоолуулсан нь өмнөх оноос 46.1 мянган толгойгоор буюу 1.1 хувиар буурсан дүн юм. Төрлийн хувьд адуу, үхэр, хонин сүргийн тоо буурч, тэмээ, ямааны тоо толгой өсжээ.

Аймагтаа Галуут сум адуу, Эрдэнэцогт сум үхэр, Баянлиг сум тэмээ, Баян-Овоо сум хонь, Баацагаан сум ямааны тоогоор тэргүүлж байна.
Холбоотой мэдээ