Л.Гантөмөр: Эдийн засгийн эрх чөлөөний бүтээлч цаг тулж ирсэн байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Ардчилсан нам үүсэн байгуулагдсаны 35 жилийн түүхт ойн баярын их хурал өнөөдөр Соёлын төв өргөөнд болж байна.
Ардчилсан намын дарга Л.Гантөмөр энэ үеэр хэлэхдээ, “Ардчилсан
нам байгуулагдсанаар Монгол Улсад олон намын тогтолцоо, чөлөөт нийгэм, нээлттэй
үзэл бодол, олон тулгуурт гадаад бодлого, хууль дээдлэх ёсны үндэс суурийг
тавьсан юм” хэмээн онцлов. Түүнчлэн тэрбээр “Өнөөдөр Ардчилсан намын баярын
өдөр. Манай нам бол авдаг нам биш, өгдөг нам. Ардчилсан нам 1990 онд Монголд Улс төрийн эрх чөлөө авчирсан. Өнөөдрийн бидний түүхэн үүрэг бол монгол хүн бүрд
эдийн засгийн эрх чөлөөг эдлүүлж, орлогыг тасралтгүй нэмэгдүүлэх явдал юм. Чухам энэ л зорилгыг бодит ажил болгохоор
Хамтарсан Засгийн газар 14 мега төслийг хэрэгжүүлэхээр эрчимтэй ажиллаж байна.
“Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хөтөлбөрийн хүрээнд эхлүүлсэн 14 мега төсөл бол зөвхөн дэд бүтэц биш, эдийн засгийн тусгаар тогтнолын суурь, ирээдүйн боломжийн үүд хаалга юм. Газрын тосны үйлдвэр, ураны хөрөнгө оруулалт, эрчим хүчний хараат бус байдал, экспортын шинэ гарц, говь руу ус татах экологийн төсөл, үндэсний хиймэл дагуул, шинэ төмөр зам зэрэг бүх төслийг эдийн засгийн утгаараа бий болгох нь бидний зорилго юм. Ийм цар хүрээтэй, түүхэн том зорилгыг тавьж байсан Засгийн газар өмнө нь байгаагүй. Эв нэгдлийн үр шимээр хөгжлийн гацаа арилж, Монгол урагшлах бүтээлч цаг ирсэн байна. Ардчилсан намд нэг зорилго бий. Тэр нь эрх чөлөөтэй, хөгжсөн, баян Монгол орон. Эдийн засгийн эрх чөлөөний бүтээлч цаг тулж ирсэн байна” гэлээ.
Тус их хурлыг УИХ-ын гишүүн Ц.Туваан даргалж, нийт 1300 төлөөлөгч оролцож байна.