СҮХБААТАР: Түймрийн эрсдэлтэй сумдад багаж хэрэгсэл хүлээлгэн өгчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн найман сум түймрийн эрсдэлтэй, үүнээс дөрөв нь их эрсдэлтэйд тооцогддог. Хаврын хуурайшилттай холбоотойгоор эдгээр эрсдэл бүхий сумдад аймгийн Байгаль орчны газраас ойн сан бүхий болон түймрийн эрсдэлтэй сумдад түймэр унтраах багаж хэрэгсэл хүлээлгэн өгчээ.
Үүнд хоёр төрлийн үлээгч аппарат, үүргэвчтэй шүршигч, галд тэсвэртэй иж бүрэн хувцас, цурамдагч, эмийн сан зэрэг багтжээ.
Түймрийн эрсдэл ихтэй сумдын нэг бол Мөнххаан. Тус суманд 2024 онд таван удаагийн хээрийн түймэр гарч, 813 га талбай, бэлчээр шатаж, байгаль экологи, эдийн засагт 16 сая төгрөгийн хохирол учирчээ. Харин 2025 он гарсаар нэг түймэр бүртгэгдсэн байна. Энэ нь хүний буруутай үйлдлээс буюу хог шатааснаас үүдэлтэй бөгөөд 74 га талбай шатсан. Түймрийг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Хунт өгөөч" ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд бүрэн унтрааж, хохирл багатай давсан гэж Мөнххаан сумын байгаль хамгаалагч З.Гэрэлчимэг ярилаа.
Байгаль орчин, уур амьсгал өөрчлөлтийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар зүүн бүсийн аймгуудын хээрийн түймрийн эрсдэл бүхий сумдад түймэр унтраахад шаардлагатай багаж хэрэгсэл хуваарилсныг ийнхүү сумдад олгож байгаа юм.
Мэргэжлийн байгууллагуудаас ийнхүү түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон талын арга хэмжээг тогтмол авч байгаа ч эрсдэл буурахгүй байгаа юм. Тиймээс иргэн бүр үүргээ ухамсарлаж, хариуцлагатай байх нь хамгийн
чухал гэдгийг санууллаа. Учир нь түймрийн дийлэнх хувь нь хүний буруутай үйлдлээс болдог байна.