БАЯНХОНГОР: “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 24 үйлдвэр, аж ахуй нэгж хөнгөлөлттэй зээлд хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-04-11 14:52:00

Баянхонгор, 2025 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, үр дүнтэй танилцах анхдугаар “Зөвлөлдөх уулзалт” Баянхонгор аймагт боллоо. Уулзалтын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Баянхонгорт ажиллав.

Ажлын хэсгийг аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан /2025.04.11/ хүлээн авч уулзан, аймгийн хүнсний салбарын бодлого үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, үр дүнг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах тухайд санал солилцлоо.

Баянхонгор аймагт 24 хүнсний үйлдвэр, аж ахуйн нэгж “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд олгогддог хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, аймгийн дотоодоосоо хангах хүнсний бүтээгдэхүүний хүртээмжийг өсгөхөөр хамтран ажиллаж байна. Мөн ингэний сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, малын тэжээлийн тариалалт, хүнсний ногоо, махны зоорь зэргийг кластераар хөгжүүлж, экспортод гаргахыг зорьж байгаа юм.


Баянхонгор аймаг экспортод бүтээгдэхүүн гаргах зорилгоор 2024 онд Ингэний сүүг хуурайшуулан гаргаж авсан бол энэ ондоо 11 ферм байгуулж, тус бүрийг холбогдох тоног төхөөрөмжөөр ханган, үйл ажиллагааг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Малын тэжээлийн үйлдвэрийг Өлзийт сумын нутаг дэвсгэрт байгуулж, 5-6 дугаар сард бүрэн хэмжээнд ашиглалтад хүлээж авахаар ажиллаж байгаа бөгөөд орон нутаг малын тэжээлээ өөрсдөө тариалж, хүчит тэжээл байдлаар боловсруулан дотоодын хэрэгцээгээ хангахыг зорьж буйгаа аймгийн Засаг дарга танилцуулав.


Мөн ингэний сүүгээ ашиглан чихрийн үйлдвэр байгуулах төслийг боловсруулж байгаа төдийгүй орос технологийн дагуу жилд 10 сая кг чихэр гарган худалдаанд нийлүүлэх тооцооллыг гаргасан. Мах, ногоо хадгалах стандарт хөргүүр, смарт ажиллагаа бүхий 1000 тоннын мах ногооны зоорь байгуулсан бол энэ зун хувьчлах болон түрээслүүлэх байдлаар ашиглах эрх зүйн үндсийг боловсруулж, ирэх есдүгээр сараас зоорийн үйл ажиллагааг тогтмолжуулна. Тариалан эрхлэгчдээ бодлогоор дэмжиж 6000 м.кв талбайд өвлийн 7, зуны 100 хүлэмжийг байгуулан, нарийн ногоо, төмс, хүнсний ногооны дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахад хүлэмжийн аж ахуйн шинэчлэлт тодорхой үр дүнг гаргана гэсэн хүлээлтийг тавьж буйгаа танилцуулсан юм.

Хүнсний хувьсгал хөдөлгөөний хүрээнд хийсэн эдгээр ажлуудаа орон нутаг илүү эрчимжүүлэх шаардлагатай учраас энэ хөдөлгөөн цаашид үргэлжлэн хэрэгжиж, эхлүүлсэн, өрнүүлсэн ажил нэг бүрийнхээ ач холбогдлыг тэлж, үр дүнд хүрэх шаардлагатайг аймгийн удирдлага уулзалтын үеэр онцлов.


Ташрамд, Баянхонгор аймагт “Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны салбар зөвлөлийг байгуулж, салбар зөвлөлийн даргаар “Баян жаргант хүнс” ХХК-ийн захирал З.Шарав сонгогджээ. Цаашид аймаг, нийслэл, орон нутгийн түвшинд “Хүнсний хувьсгал”-ыг эрчимжүүлэхэд мэргэжлийн холбоодын оролцоог нэмэгдүүлж, төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулан үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх шаардлага нэмэгдэж байгааг талууд онцолж байна.



Холбоотой мэдээ