ГОВЬ-АЛТАЙ: Улсын нөөцөөс шуурганаар орон гэргүй болсон иргэдэд 40 гэр олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-04-14 16:05:04

Говь-Алтай, 2025 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд хүчтэй шороон шуурганы улмаас олон айл орон гэргүй болсонтой холбогдуулан Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын баг Эрдэнэ суманд ажиллаж байна. 


Ажиллах үеэрээ энэ сарын 10-11-ний өдрүүдэд тус суманд хүчтэй шороон шуурганы улмаас үүссэн нөхцөл байдалтай танилцаж, аймаг, орон нутгаас авч хэрэгжүүлж байгаа  арга хэмжээний талаар мэдээлэл солилцсон юм.  


Мөн Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы шийдвэрээр улсын нөөцөөс олгосон иж бүрэн 40 гэрийг орон гэргүй болсон иргэдэд хүлээлгэн өглөө.


Тодруулбал, 2025 оны дөрөвдүгээр сарын 10-11-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 34-44 м/с хурдтай хүчтэй шороон шуурга шуурч, урьдчилсан байдлаар 118-130 орчим айлын гэр нурж, 17 барилга байгууламжийн дээвэр хуурч, 230 гаруй хашаа нурсан байна.  


Мөн Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү тусламжийн ажлыг ахалж, газар дээр нь нөхцөл байдалтай танилцан, цаашдын арга хэмжээг төлөвлөж буйгаа мэдэгдсэн юм. Мөн түүнчлэн Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын дарга Ш.Эрдэнэбатаар ахлуулсан ажлын баг Эрдэнэ суманд ажиллаж, иргэдтэй уулзаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж байна.



Цахилгаан эрчим хүчний доголдлыг арилгах зорилгоор шугам засварын бригад шугамын мастер Б.Төрболдоор ахлуулсан 12 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа талаар холбогдох албанаас мэдээллээ.

Холбоотой мэдээ