Барселона, ПСЖ хоёр хагас шигшээд шалгарлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-04-16 09:49:43

ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 16. /ТАСС/. Францын “Пари Сен-Жермен” баг Аваргуудын лигийн тэмцээний шөвгийн наймын хариу тоглолтод Английн “Астон Вилла” багт 2:3 харьцаагаар хожигдсон хэдий ч хоёр тоглолтын нийлбэр дүнгээр хагас шигшээд шалгарлаа.


Тоглолт өчигдөр Бирмингем хотын “Вилла-Парк” цэнгэлдэх хүрээлэнд болжээ.


Парисын клубээс Ашраф Хакими (11 дэх минут), Нуну Мендеш (28) нар, талбайн эздээс Юри Тилеманс (34), Жон Макгинн (55), Эзри Конса (57) нар гоол оруулсан байна. Шөвгийн наймын эхний тоглолтод парисчууд 3:1-ээр хожсон юм.


“Пари Сен-Жермен” баг Аваргуудын лигт түрүүлж байгаагүй бөгөөд 2020 онд финалд шалгараад Германы “Бавариа” багт 0:1-ээр хожигджээ. Харин “Астон Вилла” баг 1982 онд Европын аваргуудын цомын тэмцээнд /одоогийн Аваргуудын лиг/ түрүүлж байв.


Өчигдөр болсон шөвгийн наймын өөр нэгэн тоглолтод Германы “Боруссиа Дортмунд” баг Испанийн “Барселона”-г 3:1 харьцаагаар хожсон боловч хагас шигшээд шалгарч чадсангүй. Эхний тоглолтод “Боруссиа”-г 4:0-ээр хожсон барсачууд хоёр тоглолтын нийлбэр дүнгээр хагас шигшээд шалгарчээ. 


Одоо хагас шигшээд Парисын баг “Арсенал”, “Реал” хоёрын хожсонтой нь, каталончууд “Бавариа”, “Интер” хоёрын хожсонтой нь тус тус тоглоно. 

Холбоотой мэдээ