Жүдогийн “Топ-6” тэмцээнд оролцох тамирчдын нэр тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-04-16 10:55:56

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Монголын жүдо бөхийн холбооноос сар бүр зохион байгуулдаг “Топ-6” цуврал тэмцээнд оролцох жүдочдын нэр тодорлоо.


“М банк арена”-д  энэ сарын 19-нд болох тус тэмцээнд Солонгосоос алдарт бөх Ким Жае Бумаар ахлуулсад дунд болон хүнд жингийн жүдочид оролцохоор манай улсад маргааш ирнэ. Бүрэлдэхүүнд эрэгтэйчүүдийн 81 кг-д Ан Жүн Сун, 90 кг-д Ким Жае Мин, -100 кг-д Чол До Хун, эмэгтэйчүүдийн 70 кг-д Ян Жи Юүн, -78 кг-д Ким А Хюүн, +78 кг-д Пак Сэт Биёол нар Монголын шилдгүүдтэй тойргоор барилдах юм.


Эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд улсын аваргаас медаль хүртсэн болон дотоодын чансааг тэргүүлэгч зургаан тамирчин халз барилддаг энэхүү тэмцээнд ДАШТ-ий мөнгөн медальт Э.Ариунболд, олон улсын хэмжээний мастер К.Ёолк, Г.Хэрлэн, Г.Сод-Эрдэнэ, Б.Эрдэнэбаяр, Н.Дагвасүрэн, Б.Серик, Э.Мөнхжаргал, Ө.Пэрэнлэйжамц, Ж.Анударь, Л.Сосорбарам, Б.Ганхайч тэргүүтэн зодоглохоор мэдүүлэг өгчээ. Түүнчлэн өсвөр, залуучуудын УАШТ, ААШТ, ДАШТ-ий медальтай залуу тамирчид барилдах юм. Харин ААШТ-д оролцох баг бүрэлдэхүүн энэ удаагийн “Топ-6” тэмцээнийг өнжиж байна.


Энэхүү тэмцээний шагналын сан 100 сая төгрөг бөгөөд жүдо бөхийн спортыг хүүхэд, залууст сурталчлах, тамирчдын форм, бэлтгэлжилтийг хадгалах, дотоодын өрсөлдөөнийг сайжруулах зорилготой аж. Тэмцээний үеэр Солонгосын алдарт бөх Ким Жае Бум жүдогоор хичээллэдэг хүүхэд, залууст сургалт зохион байгуулах юм.

Холбоотой мэдээ