СЭЛЭНГЭ: Цэцэрлэгээс сургуульд шилжих сэтгэл зүйн бэлтгэлийг хангаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2025 оны дөрөвдүгээр сарын 16
/МОНЦАМЭ/. Цэцэрлэгээс сургуульд шилжих сэтгэл зүйн бэлтгэлийг
хангаж байна.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8
дугаар цэцэрлэгээс бэлтгэл бүлгийн хүүхдүүдээ сургуулийн орчин, дүрэм журамтай
танилцуулах аяллыг зохион байгууллаа.
Аялалд хүүхдүүдийн эцэг, эх, асран
хамгаалагч нар хамтран “Таны хүүхэд сургуульд бэлэн үү?” сэдэвт ярилцлага,
уулзалтад оролцлоо.
Уулзалтаар ЕБ-ын 3-р сургуулийн ирэх
намар буюу 2025 оны намар 1-р анги хариуцан авах ахмад багш Ж.Оюунцэцэг, залуу
багш М.Номин-Эрдэнэ нарыг урьж, хүүхэд, эцэг эхчүүдэд мэдээлэл, зөвлөгөө өглөө.
Багш Ж.Оюунцэцэгийн тухайд
боловсролын салбарт 30 гаруй жил тасралтгүй бага ангийн багшаар ажиллаж байгаа
туршлагатай бол түүний шавь залуу багш М.Номин-Эрдэнэ 2 дахь удаагаа 1-р анги
даан авах бэлтгэлээ хангаж байгаа юм.
Энэхүү
үйл ажиллагааны талаар Сүхбаатар сумын 8 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Т.Намираагаас
тодрууллаа.
-Танай цэцэрлэгийн сургалтын онцлог юу байна.
Сургуульд хэрхэн хүүхдүүдээ бэлтгэж байна. Энэ талаар товч мэдээлэл өгнө үү?
-Бид сургууль,
цэцэрлэгийн залгамж холбоог сайжруулах зорилгоор мөн бяцхан хүүхдүүд
цэцэрлэгээсээ гэнэт шинэ сургуулийн орчинд орохоос өмнө нь үзэж, харж, мэдэж
авч, сэтгэл зүйн бэлтгэлтэй байлгах үүднээс энэхүү аяллыг зохион байгууллаа.
Энэ жил бэлтгэл бүлгийн нийт 68
суралцагчийг сургуульд бэлтгэж байгаа. Манай цэцэрлэгт 2024-2025 оны хичээлийн
жилд Боловсролын мэдээллийн системд нийт 196 хүүхэд бүртгэгдэн, 29 багш
ажилтантайгаар сургалт, хөгжил, хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байна.
Цэцэрлэгийн сургалтын гол зорилго нь
хүүхдийн хөгжлийг дэмжих, суралцахад тулгарч буй бэрхшээлийг арилгах, амжилттай
суралцахад бүх талын хамтын ажиллагаа оролцоог хангах, сургалтын үйл ажиллагааг
үр дүнтэй зохион байгуулахад чиглэж байна.
Энэ хичээлийн жилд бага бүлэг 1,
дунд бүлэг 1, ахлах бүлэг 2, бэлтгэл бүлэг 2 нийт 6 бүлгийн 196 хүүхдийг
хамруулан үйл ажиллагаагаа явууллаа.
Мөн бид үндэсний сургалтын
хөтөлбөрийг монтессори сургалтын арга зүй, steam-шимт хөтөлбөрүүдтэй хослуулан
долоо хоног бүрийн 1, 1 өдөрт тусган хэрэгжүүлж ирлээ.
Цахим хэрэглээнд суурилсан Ar ханын
зураг, Argun kids 13 сэдэвт багцаар хүүхдүүдийнхээ хөгжил, төлөвшилд хөрөнгө
оруулалт хийсэн.
Мөн 2 төрлийн дугуйланг хичээлийн
жилийн зорилготой уялдуулан хүүхдийн сонсоод ойлгох чадварыг хөгжүүлэхийг
зорилт болгон хуваарийн дагуу сургалтыг зохион байгуулж байгаа гэлээ.
Монгол Улсын Боловсролын яамнаас
СӨБ-ын суралцагчийн эзэмших чадамжийг хөгжүүлэхэд бүх талын оролцоо, хамтын
ажиллагааг хангаж хичээл, сургалтын үйл ажиллагааны чанар үр дүнг сайжруулах зорилгыг 2024-2025
оны хичээлийн жилд дэвшүүлсэн байна. Тодруулбал СӨБ-ын суралцагчид танин мэдэхүйн, эрүүл мэнд, нийгэм-сэтгэл хөдлөл
зэрэгт чадамж эзэмшсэн байх юм.
Харин Сэлэнгэ аймгийн БШУГ-аас
хамтын оролцоог дэмжин, ёс зүйг эрхэмлэж, багшлахуй ба суралцахуйн хөгжил,
төлөвшил, үр дүн, чанарт ахиц гаргая зорилгыг дэвшүүлжээ.
Өөрөөр хэлбэл бүх түвшинд суралцагчдын нас, сэтгэхүйн онцлогт нийцүүлэн уншаад ойлгох чадварыг өдөр тутмын дэглэмийн дагуу, судлагдахуун бүрээр дэмжин, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг чанаржуулж, хүүхдийн авьяасыг нээн илрүүлэх дугуйлан, нэмэлт хөтөлбөрүүдтэй уялдуулан бага насны хүүхдийн цогц хөгжлийг хангахад гол зорилгоо чиглүүлжээ.